УИХ-ын гишүүн О.Батнасан энэ сарын 06-17-ны өдрүүдэд тойрогтоо ажиллахдаа Ховд аймгийн Жаргалант, Булган, Дуут, Ховд, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Мянгад сумаар орж, иргэд олон нийттэй уулзжээ.
Тэрбээр энэ үеэр Булган суманд өөрийн хөрөнгөөр байгуулсан 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд оролцсон байна. Тус сумын Баянсудал баг нь 400 орчим өрх, 2000 орчим хүн амтай томоохон баг хэдий ч хүүхдийн цэцэрлэггүй байсан тул О.Батнасан гишүүн өөрийн тэргүүлдэг “Торгон нутаг” ТББ-ын ажлын хүрээнд багийн цэцэрлэгийн асуудлыг анхааралдаа авч, цаг алдалгүйгээр шийдвэрлэн барилгын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлж, есдүгээр сард ашиглалтад оруулжээ.
Тус аймгийн олон суманд хүүхдийн цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байгаа аж. Тухайлбал, 860 гаруй өрх, 3500 орчим хүн амтай Мянгад сум л гэхэд сургуулийн өмнөх насны 320 гаруй хүүхэдтэй ч тэднийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломжгүй, цэцэрлэгийн ганц барилга нь ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас хаалгаа барихад хүрээд байгаа талаар иргэд санаа зовниж буйгаа илэрхийлж, асуудлыг холбогдох газарт нь тавьж дэмжиж ажиллахыг гишүүнээс хүсчээ.
УИХ-ын гишүүн О.Батнасан мөн өдрүүдэд Алтай, Дуут, Ховд, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сумдаар орж, иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна. Мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг зохицуулж байгаа өнөөдрийн хууль тогтоомж, хөтөлбөр, шийдвэрүүд нь өөр хоорондоо уялдаа холбоо муутай, асуудлыг шийдвэрлэх хөрөнгө санхүүгийн боломжийг тусгаж өгөөгүй, лоозогносон шинжтэй байгааг иргэд шүүмжилж, мал аж ахуйн салбарын багц хуулийг амьдралд хэрэгжих боломжтой, алс ирээдүйгээ харсан, тус салбарын хөгжлийг тэтгэсэн байдлаар шинэчлэн батлуулахыг гишүүнээс хүссэн байна. Мөн малчдын хувьд өрхийн орлого эрс буурснаар оюутан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүйд хүрч байгаа учир энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг хүсчээ.
Түүнчлэн тэрбээр Жаргалант суманд ажиллах үеэрээ Ховд их сургуулиас зохион байгуулсан “Ойрад монголчуудын биет бус соёлын өв” сэдэвт эрдэм шинжилгээний тав дахь удаагийн бага хуралд оролцож, сургуулийн удирдлагуудтай уулзан сургуулийн чадамжийг дээшлүүлэх асуудлаар санал солилцсон байна.
Ийнхүү УИХ-ын гишүүн О.Батнасан сонгогдсон тойргийнхоо сум, баг нэг бүрт хүрч, иргэд сонгогчидтойгоо уулзан, орон нутгийн иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар орон нутгийн удирдлага, иргэд сонгогчидтой санал бодлоо хуваалцжээ.