Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биатэ Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Габриела Спирли нар өнөөдөр /2016.10.03/ Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилт дэмжлэгтэй 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн үр дүнд нутгийн удирдлагын эрх зүйн орчин болон ИТХ-ын зохион байгуулалтын чадавхыг сайжруулах, сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан сургалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх байнгын механизм бий болгох мөн УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх чадавхыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм байна.
Гарын үсэг зурсны дараа Улсын Их Хурлын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Б.Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Г.Спирли нар мэдээлэл хийсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.