УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж БНИУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр /2016.10.04/ Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Гуидо Гальперти тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглээд УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлэг байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн А.Ундраа томилогдсоныг дуулгав.

Мөн Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яам Монгол Улсад шинээр нээгдсэн нь хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтой болсныг онцлоод хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, соёл урлаг зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг төлөөлөгчдөөс хүсэв.

Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Гуидо Гальперти УИХ-ын дэд даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Ардын Нам үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв. Тэрбээр “2016 он бол манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлсэн чухал үйл явдлууд болсон онцлог жил байлаа. Тухайлбал, Монгол Улс АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулж, Италийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо, Төлөөлөгчдийн танхимын Дэд Ерөнхийлөгч Марина Серена нар Монгол Улсад айлчилсан нь хоёр орны харилцааг гүнгийрүүлэхэд чухал ач холбогдол үзүүллээ. Мөн өнгөрөгч 7 дугаар сард Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яам Монгол Улсад нээгдсэн нь манай хоёр улсын харилцаа хэрхэн хөгжиж байгааг илтгэсэн үйл явдлын нэг болсон” хэмээн онцлоод Италийн Улсын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лаура Болдринигийн халуун дотно мэндчилгээг уламжлав.

Уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, соёл урлаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэгчдийг дэмжих эрх зүйн орчинг сайжруулах талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

Уг уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Гадаад харилцааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Нарантуяа, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг, Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Паоло Петрини, Жузеппе Романини, Микеле Пелилло нар болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …