Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2016.10.04/ Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гролловаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон эрхэмсэг хатагтай Элчин сайд Ивана Гролловатай танилцаж буйдаа баяртай байна гээд Монгол Улс, БНЧУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Тэрээр Монгол, Чехийн харилцаанд хууль тогтоох байгуулага хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглэж, парламент хоорондын харилцааг дэмжих гол механизм болох Улсын Их Хурал дахь Монгол, Чехийн бүлэг 2000 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буйг дурдлаа. Энэхүү бүлэг нь хууль тогтоох байгууллага хоорондын төдийгүй хоёр улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг дэмжихэд чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэллээ.
Элчин сайд Ивана Гроллова УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд хоёр орны харилцаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааны тухай ярилцаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр хоёр улсын хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байдгаа илэрхийлэн, энэхүү харилцаа, хамтын ажиллагааг парламентын түвшинд цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч ажиллахыг тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.