Улсын Их Хурлын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Б.Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Г.Спирли нар Даваа гарагт /2016.10.03/ 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Тэгвэл “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр /2016.10.05/ Нэгдсэн үндэстний байгууллагын төв байранд боллоо.
“Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Ц.Цолмон, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Б.Транкман нар оролцож, үг хэлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ,
“Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлатай гэдэг нь ойлгомжтой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрх мэдлийн харилцан хяналт, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгох чиглэлээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулж иргэдийн саналыг авч шийдвэрлэх, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилтуудыг дэвшүүлэн тавьсан. Энэ зорилтын хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай зэрэг нутгийн удирдлагатай холбоотой хуулиудын нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах, санаачлах ажлыг шат дараатай зохион байгуулж, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд батлуулахаар зорин ажиллах болно. Ингэснээр нутгийн удирдлагад тулгамдаад байгаа, олон жилийн турш шийдэл нэхсэн асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Энд орон нутгийн амьдралыг хамгийн сайн мэддэг Та бүхний саналыг авч, хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ.
Үүний дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Ц.Цолмон, “Монгол Улсын Их Хурал, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран 2013-2016 онд хэрэгжүүлсэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл нь орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зорилт тавин ажилласан. Уг төслийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын хяналтын чиг үүрэг болон иргэдийн оролцоотой шийдвэр гаргах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор олон ажил зохион байгуулагдсан. Тухайлахад, Монгол Улсын 361 ИТХ-ын 8000 гаруй төлөөлөгчид, нийт тэргүүлэгчид, эмэгтэй төлөөлөгчдийг хамарсан гурван цуврал сургалтыг зохион байгууллаа. Нутгийн удирдлагын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг дэмжих, чадавхжуулах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж ИТХ-дад хэрэгцээ шаардлагатай үлгэрчилсэн дүрэм журам, сайн туршлагын эмхэтгэл, нутгийн удирдлагын талаарх иргэдийн боловсрол, хяналтын чиг үүргийг сайжруулах гарын авлага хэвлэгдэж бэлэн болсон. Төслийн өөр нэгэн томоохон үр дүн бол ИТХ-уудыг нэгтгэсэн интерактив, портал khural.mn цахим хуудсыг бүтээсэн явдал юм. 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх Төслийн дараагийн шат нь үндсэндээ дээрх үр дүнг цаашид бататгах, илүү тогтвортой механизм бий болгох чиглэлээр үргэлжлэх юм. Харин энд миний зүгээс онцлох зүйл нь УИХ-аас 2015 онд баталсан Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор УИХ-ын Тамгын газрын чадавхийг бэхжүүлэх шинэ бүрэлдэхүүн хэсэг нэмэгдсэн байгаа. Энэ хүрээнд хуулийг иргэдэд сурталчлах, хэрэгжилтэнд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хуулийн төсөл дээр иргэдийн саналыг авах, нийтийн сонсголыг зохион байгуулах ажлууд дээр УИХ ба ИТХ хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байгаа” хэмээлээ.
Төслийн нээлт Нийслэл, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын уулзалтаар үргэлжиж байгаа бөгөөд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаагаар өндөрлөх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.