Иргэд, олон нийтийн анхаарлын төвд байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал УИХ-ын чуулганы өчигдөр хуралдааны үеэр дахин сөхөгдлөө. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар гишүүдийн асуултад хариуллаа.
Монгол Улсын Засгийн газар 2016.10.05-ны өдрийн ээлжит хуралдаанаараа “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн тодорхой шийдвэр гаргасан. Тухайлбал өмнөх Засгийн газрын шийдвэрийн дагуу төрийн мэдлийн 51 хувь нь хувийн мэдэлд шилжсэнийг засах, Сангийн сайд, Гадаад хэргийн сайдын хууль зөрчсөн байх магадлалтай тушаалыг хүчингүй болгох, улмаар бүх мэдээллийг УИХ-ын чуулган, хэвлэл мэдээлэл, ард иргэдэд ил тод хүргэхээр болсон билээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар энэ Засгийн газар шуурхай арга хэмжээ авсан. Хэн нь зөв шийдвэр гаргаж, хэн нь буруу шийдвэр гаргасан гэдгийг шалгаж, асуудалд цэг тавих хэрэгтэй. Энэ оны зургаадугаар сарын 13-ны өдөр хуралдсан Засгийн газрын протокол нууц байсныг ил болгоно. Бүх шийдвэр, хэлсэн үг зэрэг нь гарын үсэгтэйгээ байгаа. Асуудлыг нууж хайцаалахгүй. Иймээс хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахаар бэлтгэж байна. Хэрвээ хууль зөрчсөн, буруутай нь тогтоогдвол тухайн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Үнэн зөвийг тодруулсны дараа УИХ-д маш яаралтай өргөн барьж танилцуулна. Мөн хэвлэл мэдээлэл, ард иргэдэд ил тод мэдээлнэ” гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.
2016.06.13-ны өдрийн Засгийн газрын хуралдааныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг даргалж, асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулж, гишүүдийн олонхи дэмжсэн байна. Тухайн үед Сангийн сайд байсан Б.Болор 49 хувь нь 51 хувиасаа давуу эрхтэй байх утга бүхий 255, 266 тоот тушаал гаргажээ. Мөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ч “Монгол Улсын Засгийн газар хувиасаа татгалзаж, худалдахыг зөвшөөрч байна” гэдгээ илэрхийлсэн байна. Хоёр талын хэлэлцээрийг цуцлах, батлах бүрэн эрх УИХ-д байдаг тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тодотгов.
Иймээс Засгийн газар энэ сарын тавны өдрийн хуралдаанаараа 49 хувь нь 51 хувиасаа давуу эрхтэй болсон шийдвэрийг хүчингүй болгож, 51 хувь нь төрийг төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэх, компанийн дүрмийг шинэчлэн батлах, Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох зэрэг шийдвэр гаргасан юм.