Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 10-ны шөнийн 02:00-03:00 цагийн үед галт зэвсэг болон хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээдүүд их хэмжээний мөнгө дээрэмдэн 30 гаруй иргэнийг шархдуулсан ноцтой хэрэг гарсан. Энэ тухай мэдээлэл өчигдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж багагүй дуулиан тарьсан.
Тэгвэл дээрх хэргийг А, Б нар удирдан зохион байгуулжээ. Цагдаагийн алба хаагчид дээрх этгээдүүдийг баривчилж, эрүүгийн хуулийн 147.3 заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Мөн хамт хэрэг үйлдсэн этгээдүүдийг дайчлан баривчилна гэдгийг ч ЦЕГ-аас мэдээллээ.
Хэрэг гарсан шөнө буюу энэ сарын 10-ны 03:00 цагийн үед нэгэн иргэнээс зодоон болж байна гэх дуудлага иржээ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтаар очих үед хүмүүс мөрийтэй тоглож байсан бөгөөд галт зэвсэг болон хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээдүүд дайран орсон байсан. Ингээд хохирогчдын хоёр нь хүнд гэмтсэн учир ГССҮТ-д хүргэжээ. Харин үлдсэн хүмүүс нь бага зэргийн гэмтэлтэй байжээ. Хохирогчдын хувьд хууль бусаар мөрийтэй тоглож байсан учраас цагдаагийн байгууллага хэрэг гарах үед тухайн байранд байсан хүмүүсийг мөн шалгах юм. Тиймээс зэвсэгт этгээдүүдийн дээрэмдсэн мөнгө болон эд зүйлсийг улсын орлого болгон хурааж магадгүй гэдгийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн хэлсэн юм.