Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын хувь эзэмшдэг “Професионалстрой” ХХК нийслэлээс зарласан Сэлбэ дэд төвийн орон сууцны томоохон тендерт шалгарсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Иргэдийн бухимдлыг төрүүлж буй гол шалтгаан нь зөвхөн тендер авсан асуудал бус, харин нийтийн албан тушаалтан өөрийн албан тушаалтай холбоотой давуу байдлаа ашигласан байж болзошгүй гэх хардлага юм.


Түүний эзэмшлийн компани өмнө нь “Цагаан байр”-ны дахин төлөвлөлтийн ажлыг авч, олон иргэнийг удаан хугацаанд хохироосон гэх мэдээлэл хэвлэлээр удаа дараа гарч байсан. Гэтэл энэ удаа “Професионалстрой” ХХК нь Сэлбэ дэд төвийн 197.7 тэрбум төгрөгийн төсөвтэй орон сууцны төслийн тендерт шалгарсан нь ашиг сонирхлын зөрчил үүссэн үү гэсэн асуултыг дагуулж байна.


Түүнийг энэ асуудлаар Авлигатай тэмцэх газар шалгаж, саатуулсан гэх мэдээлэл гарсан ч удалгүй суллагдсан. Харин Б.Сэргэлэнбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “НИТХ-ын төлөөлөгч хувийн компани байгуулж, тендерт оролцож болохгүй гэсэн хууль байхгүй” хэмээн мэдэгдсэн.

Үнэхээр нийтийн албан тушаалтан хувийн бизнес эрхлэхийг Монголын хууль бүхэлд нь хориглодоггүй. Гэвч албан тушаалын байдлаа ашиглан өөртөө давуу байдал бий болгох, өөрийн ажил үүрэгтэй холбоотой төсөл, тендерт оролцохыг тодорхой хязгаарласан байдаг.
Нэгдүгээрт: Авлигын эсрэг хуультай холбоотой асуудал
“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн үйлчлэлд хэн хамаарахыг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлээр тодорхойлсон байдаг.
Авлигын эсрэг хуулийн 4.1.7-д “бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч”-ийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ хэмээн заасан. Өөрөөр хэлбэл НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар нь ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалтад бүрэн хамаарах албан тушаалтан юм.

Хоёрдугаарт: Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн заалт: Тус хуулийн 11.1-д:
“Нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулах, хэлэлцэх, оролцохыг хориглоно” гэж заасан байдаг.

НИТХ-ын төлөөлөгчийн хувьд нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалт, хэрэгжих төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэлд хамгийн ойр ажилладаг субъект мөн. Тиймээс нийслэлийн санхүүжилттэй төслийн тендерт өөрийн компаниараа оролцсон нь ашиг сонирхлын зөрчил мөн эсэх асуудлыг хууль хяналтын байгууллага нягтлах шаардлагатай болж байна.
Хэрэв тэр хувийн компаниараа өөр аймаг, эсвэл нийслэлтэй холбоогүй байгууллагын тендерт оролцсон бол нөхцөл байдал өөрөөр үнэлэгдэх байв. Харин өөрийн ажиллаж буй нийслэлийн санхүүжилттэй төслийн тендерт шалгарсан нь олон нийтийн эргэлзээг улам нэмэгдүүлж байна.
Гуравдугаарт: Нэгжийн тухай хуулийн хүрээнд
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40.1.1-д төлөөлөгч албан үүргийн хүрээнд олж авсан мэдээллээ “хувьдаа ашиглах”-ыг хориглосон байдаг.

Мөн 41 дүгээр зүйлд дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох асуудлыг хэлэлцэж болохоор хуульчилжээ.

Тиймээс Б.Сэргэлэнбаатарын асуудал нь зөвхөн эрүүгийн эсвэл авлигын асуудал биш, улс төрийн хариуцлагын асуудал ч мөн болж байна. НИТХ дахь сөрөг хүчин болон төлөөлөгчид энэ асуудалд ямар байр суурь илэрхийлэх нь анхаарал татаж байна.
Дөрөвдүгээрт: Эрүүгийн хуулийн боломжит зөрчил
Эрүүгийн хуулийн 22.1-д албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нийтийн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.

Энд хамгийн чухал нь:
- албан тушаалаа ашигласан эсэх,
- давуу байдал бий болсон эсэх,
- улсад хохирол учирсан эсэхийг мөрдөн шалгах байгууллага тогтоох ёстой.
Өөрөөр хэлбэл, Б.Сэргэлэнбаатар гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох хүртэл шууд дүгнэх боломжгүй ч түүнд холбогдох асуудал нь хууль зүйн болон ёс зүйн ноцтой маргаан дагуулж байгаа нь тодорхой байна.
Өнөөдөр олон нийтийн бухимдлыг төрүүлж буй зүйл нь зөвхөн нэг тендерийн асуудал биш. Харин “төрд ойр хүмүүс хуульд өөр, жирийн иргэдэд өөр стандарт үйлчилдэг үү” гэсэн эргэлзээ улам хүчтэй болж буй явдал юм.
Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд улс төрөөс ангид, нээлттэй, бодитой шалгаж, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх шаардлага үүсээд байна.
Ц.Мөнх
Эх сурвалж: Amlalt.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл