АН-ыг үүсгэн байгуулагчид “Фракцгүй нэгдмэл нам” болохыг уриалав

ab8dceb880ce15e2big

Ардчиллын анхдагчид, ардчилсан хувьсгалын партизанууд, АН-ыг үүсгэн байгуулагчид сүүлийн үед намын шинэчлэлийн асуудлыг түлхүү ярьж, асуудал дэвшүүлж байгаа билээ. Энэ хугацаанд хэд хэдэн удаа цуглаан, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн тэдний зүгээс “Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдын холбоо” хэмээх нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг албан ёсоор байгуулжээ.  Ардчиллын төлөө ТББ, холбоод хамтран АН-ын ҮЗХ-ны хурал, намын Их хурлын өмнө уриалга гаргасан байна.  Түүндээ  АН “Фракцгүй нэгдмэл нам” болох ёстой хэмээгээд үүний төлөө нэгдэж ажиллахыг уриалжээ.

Уриалгыг бүрэн эхээр хүргэж байна.

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХӨДӨЛГӨӨН, АРДЧИЛСАН НАМЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД БОЛОН СОНГОГЧ ИРГЭДДЭЭ ХАНДАЖ ГАРГАСАН УРИАЛГА

2016.10.07                                              Улаанбаатар

Монголын ардчилсан хөдөлгөөнүүд, Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын анхдугаар зөвлөгөөнөөр “Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдын холбоо” хэмээх нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулагдсаныг албан ёсоор зарлалаа. Тус байгууллага Ардчилсан хөдөлгөөн, Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын эрх ашиг, ардчиллын үнэт зүйлсээ хамгаалах, АРДЧИЛЛЫН түүхэн ололтод үнэлэлт дүгнэлт өгөх, нэн тэргүүнд ардчилсан намыг шинэчлэх, улмаар “Фракцгүй нэгдмэл  нам” болох үйл хэрэгт хувь нэмэр оруулах эрхэм зорилгоо дэвшүүлэн ажиллаж байна.

Тус холбоо Ардчилсан нам шинэчлэгдэж “нэг үзэл бодол, нэг туган дор нэгдэн эв нэгдэлтэй байж — аажимдаа фракцгүй нам” болох нь намын жирийн гишүүд, дэмжигчид төдийгүй монголын ард түмний хүлээлт мөн гэсэн улс төрийн дүгнэлт хийж байна.

Бид намын доторх аль нэг бүлэг фракцын эрх ашигт огт үйлчлэхгүй бөгөөд гагцхүү ардчилсан ёс, шударга ёсны төлөө ажиллах болно. Бид бүхний ажил зарим талаараа ойлголцолд хүрч, урагштай байгааг та бүхэнд уламжлахад таатай байна.

Монголын ард түмний өмнө өнөөгийн хамгийн тулгамдаж байгаа гол асуудал бол сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох орон нутгийн сонгууль юм. Эрх баригчид болон МАН-аас нэр дэвшигчид хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэдтэй уулзалт хийхдээ: “Бид, Улсын их хурал,  нийслэл аймгуудад ялалт байгууллаа. Одоо сум, дүүрэгт ялалт байгуулснаар улс орноо хөгжүүлж, ард түмнээ жаргуулах бололцоотой болно. Иймд МАН-аас нэр дэвшигчдэд 100% саналаа өгөхийг <<уриалах>> тулган шаардах боллоо. Тэд бүх шатны удирдлагыг гартаа авснаар бүх зүйл хяналтаас гарч, жинхэнэ дураараа дургихийг санаархаж байна. Тэдэнд, монголын ард түмэн хангалттай эрх мэдэл өгсөн, ажил хийж чаддаг л юм бол эрх мэдэл дутна гэж байхгүй.

МАН-ынхан Улсын их хурал, засгийн газар, нийслэл аймгуудын эрх мэдлийг аваад 100 хоног өнгөрч байгаа боловч гарт баригдаж нүдэнд харагдах юу ч хийгээгүйн дээр улс төрийн оновчтой ямар ч бодлого шийдвэр гаргаж чадсангүй.

Харин өмнөх Улсын их хурал, засгийн газрын үед хийж бүтээсэн ажлуудыг харлуулж, гаргасан олон чухал шийдвэрүүдийг устгаж, тарааж, зогсоож шат шатны байгууллагад ажиллаж байсан олон арван хүнийг ажлаас халж, иргэдээ эдийн засгийн шинэ цагийн хэлмэгдүүлэлтэд өртүүлэн, 1924 оны анхдугаар Үндсэн хуулиар ангиар ялгаварлах үзлийг хуульчилсаныг өнөө цагийн нөхцөл байдлаар гүйцэтдүүлж, ялгаварлан гадуурхах үзлийг дэвэргэж, мөн тэдний оронд өөрсдийнхөө ах дүүс, танил тал, цүнх баригчдаа томилох ажлыг өдөр шөнөгүй хийж байна.

Иймд Ардчилсан хөдөлгөөн, Ардчилсан намыг үүсгэн байгуулагчид Та бүхэн!

 Сум дүүргийнхээ иргэдийн төлөөлөгчдын хуралд Ардчилсан намаас нэр дэвшигчдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэн, улмаар ялалт байгуулахыг УРИАЛЖ байна.

Сум, дүүргийн ИТХ-д Ардчилсан намын нэр дэвшигчид олонх болсноор ард түмний аж амьдралын нөхцөл байдал болон ард иргэдийнхээ үгийг эрх баригчдад үнэн бодит байдлаар уламжлах, урьд бий болгосон бүтээн байгуулалт, өмнөх засгийн газрын үед  шинээр хийсэн бүх зүйл, эрх зүйн тогтолцоог хамгаалах улмаар ард түмний татварын мөнгийг “Ард түмэнд- сум, дүүрэг-т” хүргэж, зардал хэмнэх, хуримтлал бий болгох, зөв зохистой зарцуулах зэрэг эдийн засгийн үр нөлөөтэй олон чухал ач холбогдолтой ажил үйлсийг хийх бүрэн боломж байсаар байхад хэрэгжүүлэхгүй цаг алдсаар байна.

Ийнхүү Ардчилсан хөдөлгөөн, Ардчилсан намыг үүсгэн байгуулагч та бүхэн! 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал, Ардчилсан намыг анх үүсгэн байгуулж байсан тэр эрч хүч, итгэл үнэмшлээрээ сум дүүрэг, аймаг нийслэлийн намын байгууллагуудтайгаа хамтран ажиллаж, орон нутгийн сонгуульд ялалт байгуулахыг УРИАЛЖ байна.

Сум, хороо, дүүрэг, аймаг нийслэлийн ардчилсан намын үүр хороодын удирдлагууд, Та бүхнийг Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдад хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

МОНГОЛЫН АРДЧИЛЛЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧДЫН “ШУДАРГА ЁС” ХОЛБОО

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …