МУГЖ, дуучин Д.Энхзул өөрийн хүү Чинбаярынхаа хамтаар нэг хэсэг сонсогч түмнээ баясган эх үрийн дууг эгшиглүүлж байсан цаг саяхан. “Бүүвэйл хорвоо”, “Хурын янзага цахиллаа, ээж ээ”, “Эх үрийн дуу” зэрэг тоглолтоо хамтран тайзнаа эгшиглүүлж байсан ээж, хүү хоёрыг сонсогч түмэн ихэд талархууштай хүлээж авдаг.
Ээжээсээ дутахааргүй эвлэгхэн, сайхан дуулдаг авьяасаа ил болгосон Чинбаяр энэ удаад ганцаарчилсан уран бүтээлийн тоглолтоо хийхээр сэтгэл шулууджээ. Нэгэн үеийн уран бүтээлийн сайхан найзууд болох “B sound” продакшны захирал, дуучин Б.Болд түүний энэ удаагийн тоглолтыг продюссерлан ажиллаж байгаа гэнэ. Дуучин Б.Болдыг өөрийн эхнэр болох Э.Чулуунчимэгийн хамтаар уран бүтээлээ туурвидаг гэдгийг уншигч та андахгүй мэдэх биз ээ.
Аравдугаар сарын 14-нд Монгол бөхийн өргөөнд тоглогдох “Аз жаргалын цэцэг” нэртэй тоглолтынхоо бэлтгэл ажилд ханцуй шамлан орсон Чинбаярыг “Уран бүтээлийн хувьд ээжээсээ өрх тусгаарлаж, эрийн цээнд хүрчээ” хэмээн фэнүүд нь ам сайтай байгаа сурагтай.
paparatsi.mn