-УИХ-ын чуулган дээр татварын асуудлаар Таны илэрхийлсэн байр суурь олон хүний анхаарлыг татлаа. Нэг хувийн татвар төлөх аж ахуйн нэгжийн ангилалд үйлчилгээ эрхлэгчдийг оруулъя гэсэн саналыг та дэвшүүлсэн. Хуульд ямар аж ахуйн нэгжүүдийг хамааруулахаар заасан юм бол. Үйлчилгээ эрхлэгчдийг татварын хөнгөлөлтөнд багтаая гэсэн шалтгаанаа тайлбарлаач?
-Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага бөгөөд газар тариалан, мал аж ахуй, барилгын материал, нэхмэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэхээр хуулинд тусгасан байгаа. Үүн дээр нэмээд үйлчилгээний салбарт ажиллаж байгаа компаниудыг татварын хөнгөлөлтөнд хамруулаач гэдэг саналыг миний бие гаргаж байгаа юм.
Үйлчилгээний салбар бол төрөөс их юм нэхээд байдаггүй салбар шүү дээ. Гэхдээ хамгийн олон хүнийг ажлын байраар хангаж байдаг салбар. Эдийн засгийн энэ хэцүү цаг үед татвараар дэмжээд өгвөл үйлчилгээний салбар дахь ажлын байраа бид хадгалж чадна. Цайны газар, үсчин, гутал засвар, машин угаалга, хүнсний мухлаг гээд энэ бүхний ард ажлын байр хадгалагдаж байдаг.Ажлын байраа алдахгүй байна гэдэг хямралын үед хамгийн чухал.Тиймээс төр энэ хүнд цаг үед үйлчилгээний салбараа дэмжих зайлшгүй хэрэгтэй байна. Үгүй бол энэ салбарт ажиллаж байгаа жижиг аж ахуйн нэгжүүд маань өдөр бүр олон арваараа хаалгаа барьж, ажилгүй иргэдийн тоог нэмэгдүүлж байна. Энэ байдал эргээд эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлнэ.
УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар: “Төрийн албанд орж байгаа хүн төсвийн мөнгийг иднэ гэсэн зорилготой биш, гагцхүү төрийн ажлыг чин шударгаар хийх ёстой гэдэг ухамсрыг бий болгох ёстой”
-Таныг үйлчилгээний салбарын татварыг бууруулж, өөрийнхөө бизнесийг дэмжих гэж байна гэсэн шүүмжлэл гарсан. Та үүнтэй санал нийлэх үү?
-/Инээв/ За уучлаарай. Ийм зүйл байхгүй гэдэг нь маш ойлгомжтой асуудал шүү дээ. Харамсалтай нь сошиалаар зохион байгуулалттай цацсан л даа. Манай компанийн хийж байгаа бизнесүүдийн орлого нэг сард 1.5 тэрбумаас хамаагүй хол даваад явчихдаг. Тиймээс надад бол энэ татварын хөнгөлөлт хамаагүй. Зургаан нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байгаа, жижиг бизнес эрхэлж байгаа тэр хүмүүсийг хэлээд байна шүү дээ. Тэдний багахан орлого нь энэ хямралын үед бүр багасаад маш хүнд байдалд орчихоод байгаа учраас би энэ асуудлыг хөндөж тавьж байгаа юм.
-Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосонд иргэд гайхаж байна. Оронд нь “Насны хишиг” хуулийг гаргах юм байна. Ялгаа нь юундаа байна вэ?
-“Хамтын тэтгэвэр”-ийн тухай хууль нь тэтгэврийн насны 350 мянган ахмадын тав хүрэхгүй хувь буюу 17,000 хүнд л үйлчлэх байсан. Яагаад гэвэл маш олон төрлийн шалгууртай. Тухайлбал, гэрлэлтээ бүртгүүлснээс хойш тэтгэвэрт гарах хүртлээ хамт амьдарсан хугацаа нь 15 жилээс дээш байна гэх жишээтэй.Тэгвэл шинэ гарч буй “Насны хишиг” хууль бол ямар нэгэн шалгуургүйгээр 70-аас дээш насны бүх ахмадууддаа жилдээ хоёр удаа тэтгэмж олгоно гэж заасан. Цаашлаад эдийн засаг сайжирсан үед насны хязгаарыг 65 болгох, мөн жилд дөрвөн удаа олгохоор яригдаж байгаа.
-Хүүхдийн мөнгийг хэрхэн олгож байгаа вэ?
-Нийт хүүхдүүдийнхээ 60 хувьд нь хүүхдийн мөнгийг бэлнээр олгож байгаа. Үлдсэн 40 хувьд нь банкинд хадгаламжийн данс нээлгээд бичилт хийж байна. Эдийн засаг сайжирсан үед хуримтлагдсан дүнгээр нь бүрэн олгоно.
-Эдийн засаг сайжрах үе гэдгийг та хэдэн он гэж тооцож байна. 2019 оноос хэтрэхгүй болов уу. Цаашид татвар нэмэгдэх үү?
-Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр ямар нэгэн татвар нэмэхгүй байх, мөн шинэ татвар бий болгохгүй гэдэг шийдвэрээ Ерөнхий сайд хэлсэн шүү дээ.
Эдийн засгийн хүндрэлтэй яг энэ цаг үед хамгийн түрүүнд хийх ёстой алхам юу вэ. Таныхаар?
-Өнгөрсөн жилүүдэд төсвийн сахилга бат маш их алдагдсан байна гэдгийг УИХ-ын гишүүн болсноос хойш гурван сар гаруйн хугацаанд илүү тодорхой олж харлаа. Төсвийг дураараа зарцуулдаг, тендер нэрийн доор мөнгө завшдаг, шинэ ажлын орон тоог дураараа нэмдэг, төрийн албан хаагчид хүссэнээрээ тансагладаг ийм гаж тогтолцоо бий болжээ. Энэ байдлыг маш хатуу хяналт доор таслан зогсоох ёстой.
Төрийн албанд орж байгаа хүн төсвийн мөнгийг иднэ гэсэн зорилготой биш, гагцхүү төрийн ажлыг чин шударгаар хийх ёстой гэдэг ухамсрыг нэгдүгээрт бий болгох ёстой. Хоёрдугаарт, том том төслүүдээ хурдан хугацаанд эргэлтэнд оруулмаар байна. Мөн ч удаан ярилаа даа.
Төр бодлогоо маш сайн хэрэгжүүлээд, өгөөж нь ард түмэндээ хүрдэг байх ёстой л гэж би боддог. Стратегийн ач холбогдол бүхий энэ ордууд руу УИХ-ын гишүүдийн хэн нь ч хуруугаа дүрдэггүй байх ёстой. Ямар нэгэн байдлаар хуруу дүрж л байгаа бол тэр гишүүнийг эргүүлэн татдаг ч юмуу. Үүнийг л таслан зогсоох ёстой гэж харж байна. Гуравдугаарт, үр ашиггүй ажиллаж байгаа улсын өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах цаг болсон.
-“Эрдэнэт” үйлдвэрийн асуудал сүүлийн үед улс төрийн хүрээнд нэлээдгүй маргаан дагуулж байна. Энэ талаар таны байр суурь?
-Эрдэнэт бол Монголын ард түмний өмч гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Би 49 хувь нь хэний өмч вэ гэдэг талаар яримааргүй байна. Ажлын хэсгийн дүгнэлт, шалгалтын дүн эцэслэн гарсны дараа өөрийнхөө байр суурийг хэлнэ. Харин 51 хувь нь төрийн өмч л юм бол үүндээ эзэн болооч ээ. Яагаад яг засаг солигдохын өмнө 49 хувийн эзэн нь 51 хувийн эзнээсээ илүү эрх мэдэлтэй болчихов. Төр өөрөө 51 хувийнхаа эзэн нь юм шүү гэдгээ л харуулах хэрэгтэй. Зоригтой, шийдвэртэй ажиллах ёстой л гэж харж байна.
“БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХЭН НЭГ ВАН-ГИЙН ХОШУУ БИШ ГЭДГИЙГ СОНГОГЧИД УДАХГҮЙ ХАРУУЛНА… “
-Хоёулаа ярианы сэдвээ жаахан өөрчилье. Баянгол дүүргийн МАН-ын хорооны даргын хувьд орон нутгийн сонгуульд хэрхэн оролцож байна. Таны бодлоор энэ сонгуулийн онцлог юу вэ?
-Энэ удаагийн орон нутгийн сонгууль нэлээд онцлогтой болж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль тусдаа явагдаж байгаа. Ээлжит сонгуулиар нийслэлд манай нам олонхи болсон. Гэтэл дүүрэгт Ардчилсан нам эрх барьж байна. Өнгөрсөн гурван сарын байдлаас харахад нийслэл, дүүргийн хоорондох хамтын ажиллагаа “ноль” түвшинд байна.
Шуудхан хэлэхэд ямар ч ойлголцол байхгүй гэсэн үг. Нийслэлийн шийдвэр, дүүргийн ажил хоорондоо уялдах өчүүхэн ч зүйл ажиглагдахгүй байгаа. Нийслэлээс гарсан аливаа шийдвэр, даалгавар дүүрэгт ирээд л замхарч байна. УИХ-ын гишүүд дүүрэгтээ уулзалт зохион байгуулаад, тойрогтоо ажиллаад явахад дүүргийн засаг дарга, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас үл тоох хандлага гарч байна. Хувийнхаа хөрөнгөөр дүүрэгтээ зам барьж байгуулъя гээд албан бичиг явуулахад хариу байхгүй. Иймэрхүү байдлаар дүүргийн ажил явахгүй гэдэг нь харагдаж байгаа. Иргэд сонгогчидтойгоо уулзахад яг л энэ байдлыг шүүмжилж байна. Ийм нөхцөлд орон нутгийн сонгуульд бид ялагдах эрхгүй оролцож байна даа.
-Өөрөөр хэлбэл дүүргийн ажил урагшлахгүй байна гэсэн үг үү?
-Яг тийм. Өнгөрсөн гуравхан сарын жишгээс харахад л ийм байна.
-Эрх баригч нам орон нутгийн сонгуульд ялсан нь дээр гэсэн хүлээлт иргэдийн дунд нэлээдгүй байгаа нь үүнтэй холбоотой байх?
-Тантай санал нэг байна. Нэг талаасаа Улсын их хурал болон Нийслэлд МАН ялсан боловч дүүргийн хуралд цөөнх байна шүү дээ, өнөөдрийн нөхцөлд. Дүүргийн үйл ажиллагаа нь иргэдэд бүү хэл УИХ-ын гишүүддээ ч хаалттай байна. Энэ байдлыг өөрчлөхгүй бол ажил явахгүй нь.
-Таныг Баянгол дүүрэгт эзэн суух гэж байна, дараагийн Баянгол дүүргийн ВАН болохыг хүсч байна гээд л сошиалаар “нүдсэн”. Та ямар нэгэн тайлбар хийхгүй юм уу?
-Яг үнэндээ ийм бохир, явуургүй ярианы араас хөөцөлдөж явах цаг зав алга.Ийм яриа гаргаж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь араншин байх. Хүн ер нь бусдыг өөртэйгөө л адилхан жишиж боддог юм байна. Би хувьдаа, ВАН гэдэг үгийг доромжлол гэж үздэг. Манжийн хаанаас Монгол ноёдыг өөртөө үнэнч байлгаж, ард түмнээс маань алба гувчуур татахын тулд ийм цол, гуншин өгдөг байсан гэдгийг бид түүхээсээ мэднэ. Ингэж хэлүүлэхийг хүсдэг хүн байдаг байх. Тэр хүмүүс намайг бас ийм л хүсэлтэй гэж боддог бололтой. Надад тэгэж өөрийгөө болон иргэдээ доромжлох сэтгэл үнэндээ байхгүй. Энэ сонгуулиар Баянгол дүүрэг хэн нэг ВАН-гийн хошуу, хэн нэгний эзэмшил нутаг биш гэдгийг сонгогчид удахгүй харуулна гэдэгт би итгэж байна.
Баянгол дүүрэг бол нийслэлийн дүүрэг. Баянгол дүүрэг бол энд амьдарч байгаа иргэн бүрийн дүүрэг юм шүү гэдгийг тэр вангийн зэрэг цол зүүдлээд явдаг хүмүүст ойлгуулж өгөх байх аа.
-Таныг тендер авах гэж улс төрд орсон гэж бичсэн байсан. Энд тайлбар хийх үү?
-УИХ-ын сонгуулийн үеэр анх ийм гүтгэлгийг тараасан. Би ч залхталаа тайлбарласан даа. Энэ асуултанд миний өмнөөс тойргийн маань сонгогчид илүү тодорхой хариулах байх. Би улсаас нэг ч удаа тендер авч байгаагүй. Авах боломж бол зөндөө байсан. Ийм тендерт оролцооч, ийм ажил хийгээч гэж надад ханддаг л байсан. Надад үнэндээ тендер аваад явж байх зав байгаагүй. Бас би өөрөө тендерийн ажил хийхийг хүсдэггүй. Тендер авсан хүн бүрийг муухай гэж хэлж байгаа юм биш шүү. Эх орондоо хэрэгтэй сайхан бүтээн байгуулалтын ажил хийгээд явж байгаа хүмүүсийн ажлыг үгүйсгэж болохгүй. Гэхдээ тендер нэрээр луйвар хийгсэд олширсон учраас нийгэм муу талаас нь хүлээж аваад байгаа байх. Миний хувьд, өөрийнхөө шударга хөдөлмөр, уйгагүй зүтгэлээр өнөөдрийн амьдралаа, өөрийн баялгаа бүтээсэн.
Би Оргилын Ганбаатар гэдэг нэрэндээ дуртай. Хүмүүс намайг ингэж дуудахад би баярладаг.
Оргилыг олон сайхан залуучуудтай хамтраад өөрийн гараар, өөрийн хөлс хүчээр бүтээсэн. Харин УИХ-ын гишүүн Ганбаатар гэж дуудахад баярлахаасаа илүү эмээдэг. Энэ олон хүний итгэлийг дааж явах ёстой, алдаа гаргаж болохгүй шүү гэж өөртөө байнга сануулдаг. Би нэг зүйлийг сонгогчдодоо тангарагласан хүн. Цаашдаа ч ямар нэгэн тендер авахгүй ээ. Баянгол дүүргийн төсвөөс нэг ч ажил авч хийхгүй ээ.
“ОЙРЫН ХАМААТАН САДНАА ТӨРД, ТЭР ТУСМАА БАЯНГОЛ ДҮҮРЭГТ АЖИЛЛУУЛАХГҮЙ”
-Дахиад л “хар” асуулт асуух нь. Таныг мөнгөөрөө түрий барьж намын хороогоо хууль бусаар авсан гэсэн мэдээлэл бас түгсэн л дээ?
-Тийм зүйл байхгүй дээ. УИХ-ын гишүүн болсны дараа над дээр намын хорооны тэргүүлэгч, үүрийн дарга нарын олонхи нь ирж санал тавьсан. Бид намын ажлаа өөд нь татмаар байна, орон нутгийн сонгуульд ялалт байгуулмаар байна та намын дарга болооч гээд ирсэн. Би нөхдийнхөө саналыг хүлээж аваад намын даргад нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрсөн. Намын хорооны хурал 80 гаруй хувийн ирцтэй болж, миний бие 100 хувийн саналаар даргаар сонгогдсон. Улс төрд жижиг, том өрсөлдөөн ямагт байдаг л зүйл. Намайг дарга болсонд гоморхсон зарим нэг хүн байсан. Миний эсрэг янз бүрийн мэдээлэл, гомдол гарсан нь үнэн. Гэхдээ намын шат шатны хяналтын байгууллагаас шалгаад намын хорооны хурал ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй гэдгийг тогтоосон. Ер нь манай намын хороо бол эв нэгдэлтэй, нэгдмэл зорилготой, сахилга баттай, хариуцлагатай байдлаараа бусдадаа жишиг болж чадна гэж боддог шүү.
-Гэхдээ бүр ноцтой мэдээллүүд ч гарах юм. Бүр тодруулбал саяхан “Eagle” телевизээр “Авлигач Ж.Ганбаатар” гэж шууд хэлсэн л дээ. Яагаад ингэж хэлэх болов. Та юу гэж бодож байна вэ?
-Тэр бол Баянгол дүүргийн АН-аас гэсэн тодотгол бичигтэй сонгуулийн сурталчилгааны үеэр нэвтрүүлж байгаа төлбөртэй нэвтрүүлэг юм билээ. Ийм зүйл огтоос байхгүй гэдгийг хатуухан хэлье. Энэ бол миний нэр хүндэд халдсан маш ноцтой асуудал. Тиймээс хуулийн багийнхан маань зохих ёсоор шалгуулахаар ажиллаж байгаа.
Би болоод миний ойрын хамаатан дотор төрд ажиллаж байгаа нэг ч хүн байхгүй. Төрд ажилладаггүй байсан надад авлига өгөөд шийдүүлдэг асуудал гэж ч юу байхав. Харин авлига авдаг хүмүүс нь өөрсдөө Баянгол дүүргийн АН дотор маш их байгаа шүү дээ.
Хэн нь авлигач вэ гэдгийг иргэд хүртэл мэдэж л байгаа. Ер нь хар Пи Ар гэдэг бол хэнд юу хэлэхээ ч мэддэггүй, ямар ч эрээ цээргүй хүмүүсийн л хийдэг ажил юм байна шүү дээ. Цаашдаа ч би ойрын хамаатан саднаа төрд, тэр тусмаа Баянгол дүүрэгт ажиллуулахгүй гэдгийг Баянгол дүүргийнхээ иргэдэд энэ дашрамд хэлье.
-Та Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдээ хэрхэн сонгон шалгаруулсан бэ?
-Би ганцаараа биш бид багаараа хуралдаж нэр дэвшигчдээ тодруулсан. Нэр дэвших хүсэлтэй 300 гаруй хүнтэй уулзсан даа. Хэнийг нь ч алаг үзэлгүй, төрийн төлөө шударга зүтгэж чадах, түмнийхээ төлөө нойр хоолгүй гүйж чадах хүмүүсээ л бид дэмжсэн. Хорооны иргэдийнхээ тулгамдаж байгаа асуудлыг маш сайн мэддэг, цаашид хорооныхоо ажлыг шийдүүлэхийн төлөө дүүрэг, нийслэл, намын байгууллагад хамгийн нөлөөтэй ажиллаж чадах хүмүүс нэр дэвшсэн байгаа.
Ирэх жил 1.4 километр хатуу хучилттай авто зам, явган хүний зам, гэрэлтүүлгийг хувийнхаа хөрөнгөөр шийдвэрлэж өгнө.
-Одоо таны тойрогтоо хийж байгаа ажлын талаар цөөн зүйл тодруулъя.Та Баянгол дүүргийн 9, 10-р хорооны дундуур шинэ хатуу хучилттай замыг өөрийн хөрөнгөөр тавина гэж мэдэгдсэн. Гэтэл Ардчилсан намын захиалгат нэвтрүүлэгт хүний тавьсан замыг өөрөө хийсэн мэт ярилаа гэж мэдээлсэн л дээ?
-Одоо очоод 9, 10 хорооны дундах замыг үзээрэй. Шороон зам хэвээрээ л байгаа. Бүх хүний нүдэн дээр ил байгаа зүйлээр яагаад ингэж гүтгэж байгааг ойлгохгүй байна. УИХ-д нэр дэвшээд сонгуулийн сурталчилгаа хийгээд явж байх үед хамгийн том асуудал зам л байсан. Гэр хорооллын дундах шороон замыг засах юмсан гэсэн бодлыг өөрийн эрхгүй тээж явсан. Иргэд маань ч үүнийг хүсч байсан. Тэгээд УИХ-ын гишүүн болонгуутаа энэ асуудлаар хот, дүүрэг, холбогдох байгуулагууд гээд хандах ёстой бүх газарт нь хандсан. Эхлээд хотод хандахад “Ийм их хэмжээний мөнгө байхгүй, гэхдээ боломжоороо бид зам засаж өгнө өө” гэсэн хариулт өгсөн. Тэгээд дүүрэгтээ хандсан. Дүүргийн засаг дарга болон бусад удирдлагаас одоо болтол хариу ирээгүй байна. Тиймээс аж ахуйн ажил руу өөрөө орохоос аргагүй болсон.
Нийтийн эзэмшлийн зам талбай учраас заавал хотын захиргаанаас зургийг нь гаргуулдаг юм байна. Түүнээс гадна бусад зөвшөөрлийг нь авах гэсээр байтал хүйтэрчихсэн. Тийм учраас дараа жилийн хавар дулаарангуут 9, 10-р хорооны дунд 1.4 километр хатуу хучилттай шинэ авто зам, явган хүний зам, гэрэлтүүлгийг хувийнхаа хөрөнгөөр шийдвэрлэнэ. Энэ бол УИХ-ын гишүүнийхээ хувьд хэлсэн зүйл. Мөн манай “Аз жаргалтай иргэн” мөрийн хөтөлбөрт ч гэр хорооллын замуудыг өргөтгөх, шинэчлэх ажлуудыг хийж гүйцэтгэнэ гэсэн заалт бий. Гэтэл үүнийг санаатайгаар мушгин гуйвуулж, гүтгэн харлуулж байгаад харамсаж байна.
-Хотын захиргаа зам засч өгнө гэсэн амлалтандаа хүрсэн үү?
-Хотын засаг дарга С.Батболд амлалтандаа хүрч хэдхэн хоногийн өмнө манай Баянгол дүүргийн зургаадугаар хороонд байрлах гуравдугаар эмнэлгийн урдах зогсоолын замыг засч өглөө. Энэ бол миний хүсэлтээр хотын шинэ удирдлагуудын хийсэн ажил. Дүүргийнхээ нийт иргэдийн өмнөөс хотын удирдлагууддаа талархал илэрхийлье.
-Та тойрогтоо баригдаж байгаа цэцэрлэгт хувиасаа хандив өргөсөн гэсэн. Цэцэрлэгийн ажил ямар шатандаа явж байна?
-21-р хороонд 700 гаруй цэцэрлэгийн насны хүүхэд амьдардаг. Гэтэл ганц ч цэцэрлэг байхгүй. Тус хорооны хүүхдүүдийн дөнгөж тал нь өөр хорооны цэцэрлэгүүдэд хамрагддаг бол үлдсэн нь гэртээ үлддэг. MNB олон нийтийн телевизийн хамт олон “Сэтгэлийн үндэс” гэдэг аяны хүрээнд 21-р хороонд маань 120 хүүхдийн цэцэрлэг байгуулах ажлыг энэ зун санаачилсан. Би энэ ажлыг дэмжиж 20 сая төгрөгийг бэлнээр хандивласан. Гэвч одоогийн байдлаар санхүүжилтгүйн улмаас зогссон байна лээ. Харин дүүргийн засаг дарга Оросоо өөрөө хийж байгаа мэтээр яриад яваа юм билээ. “B1 давхрын өрлөг дууссан. Одоо хоёр давхрын хана, тааз өрөгдөж байна. Хүйтрэхээс өмнө хана, таазны өрлөгөө дуусч, өвөлдөө багтаагаад ажлаа амжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гээд Үндэсний телевизийн хамт олны санаачилж, олон иргэдийн хандиваар босч байгаа өнөөх цэцэрлэгийн зургийг сонгуулийн сурталчилгааны материалдаа оруулчихсан байх юм. Иргэд гайхаад над руу утасдаад байна билээ. Андуураад тавьчихсан юм болов уу гэж бодоод байгаа. Хэрвээ андуураагүй бол дүүргийн дарга нар ингэж “залдгаа” болих хэрэгтэй л дээ.
“ИРЭХ ДӨРВӨН ЖИЛД ДАРГЫГ ШҮТДЭГ БИШ ИРГЭДЭЭ ШҮТДЭГ ДҮҮРЭГ БОЛГОХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА”
-“Хэрвээ Баянгол дүүрэгт Ардчилсан нам ялалт байгуулбал засаг даргаар С.Одонтуяаг томилно” гэсэн сурталчилгаа гудамжны самбар, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд, сошиал ертөнцөөр түгэж байна л даа. Таны хувьд ямар хувилбар байна. Танай нам ялбал та хэнийг засаг дарга болгох вэ?
-Би энэ асуудал дээр огт өөр байр суурьтай хүн. Шууд нэг хүн ганцаараа “Би энэ хүнийг засаг дарга болгоно” гээд санал өгөхийг уриалж байна гэдэг эрүүл үзэгдэл биш. Хэт дураараа авирлаад сурчихсан хүний л зохисгүй үйлдэл гэж харагдаж байгаа. Аливаа асуудлыг хэнтэй ч ярихгүйгээр өөрийнхөөрөө шийдээд сурчихсан, тийм дадал зуршилтай болсон хүний л үйлдэл. Тэр хүнд улс төрийн соёл болоод цензур гэж алга. Баянгол дүүргийн иргэдийг сонсохгүй байна.
Миний зарчим бол, Баянгол дүүргийн иргэд эхлээд сонголтоо хийх ёстой. Дараа нь засаг даргаа сонгоно. 200 мянган иргэний төлөөлөл болж сонгогдсон 41 хүн хуралдаж, нэр дэвшүүлж, шүүж хэлэлцэж байж засаг даргаа томилох ёстой шүү дээ. Баянгол дүүргээ бид ирэх дөрвөн жилд даргыг шүтдэг биш иргэдээ шүтдэг, нэг хүний үгээр ажилладаг биш нийт иргэдээ сонсож шударга хөдөлмөрлөдөг удирдлагатай дүүрэг болгохын төлөө ажиллана.
-Та ер нь дүүргээ ямар болоосой гэж хүсдэг вэ. Сонгуульд ялалт байгуулбал дүүргийнхээ хөгжлийг ийм хэмжээнд аваачна даа гэсэн төсөөлөл танай багт байна уу?
-Бид дүүргийн ИТХ-ын сонгуульд “Аз жаргалтай иргэн” гэсэн мөрийн хөтөлбөртэйгээр оролцож байна. Мөрийн хөтөлбөр маань иргэд рүүгээ чиглэсэн найман зорилт бүхий 70 гаруй зүйлтэй. Энэхүү мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө 41 нэр дэвшигчид маань ажиллах болно. Манай төлөөлөгчид Баянгол дүүргийн менежер, мөн таны хөтөч байх болно. Ил тод, намчирхахгүй, төрийн албыг төрлийн алба болгохгүйгээр чин шударгаар Баянголчуудынхаа төлөө ажиллах болно. Миний бие шат шатны сонгуульт ажилтнуудтайгаа нягт уялдаа холбоотой ажиллана. Ямар ч байсан зөв сайхан сэтгэлээр, тууштай зүтгэлээр ажиллабал нийслэл хотынхоо өнгө жавхаа нь болсон төвийн дүүрэг болж чадна гэдэгт би итгэдэг. Хүмүүс очих дуртай, аялах дуртай, худалдаа хийх дуртай тийм сайхан орчныг дүүрэгтээ бүрдүүлж чадна гэдэгтээ бид итгэлтэй байна аа. Бид энэ багаараа та бүхэндээ амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ ээ. Манай нэр дэвшигчдийг дэмжээрэй гэж уриалъя.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Ш.Адъяамаа
www.breakingnews.mn