Ангир уураг нь хүүхэд төрсний дараах эхний 24 цагийн дотор бага хэмжээгээр (24-30 мл)ялгардаг, А аминдэм, дархлааны уургаар баялаг өтгөн шаргал өнгөтэй сүү юм. Хүүхдийг төрмөгц аль болох эрт ангир уургаар амлуулах нь тэдний эсэн мэнд амьдрах, эрүүл өсөн торних амьдралын “Хамгийн зөв” эхлэл болно.
Нярай хүүхдийг төрсний дараа аль болох эрт буюу “нэг цаг” – ийн дотор амлуулж, 6 сар хүртэл нь зөвхөн “эхийн сүүгээр дагнан хооллох”-ыг зөвлөдөг. Хүүхдийг 2 нас хүртэл нь эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ 6 сартайгаас эхлэн тэдний бие махбодын онцлогт тохирсон нэмэгдэл хооллоор хооллох шаардлагатай байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “хэрэв хүүхдийг эхээс төрсний дараа 1 цагийн дотор ангир уургаар амлуулж, 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллож, 2 ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж буй 800 000 хүүхдийн амь насыг аварч чадна” хэмээн мэдээлж байна (ДЭМБ, 2015 он).
ЭХИЙН СҮҮ ХҮҮХДИЙГ ХАЛДВАРААС ХАМГААЛНА
Эхийн сүүгээр дамжуулан хүүхэд эхээс халдвартай тэмцэх чадварыг авдаг. Эхийн сүүгээр хооллодог нялх хүүхэд уушгины хатгалгаа, суулгалт, мэнэн, чихний халдвараар өвчлөх эрсдэл багатай байдаг.
Эхийн сүү нь нярай хүүхдийн ходоод гэдэсний салт бүрхэвчийн өсөлт, хөгжлийг дэмжиж, бүдүүн гэдэсний хэвийн бичил ургалын үржлийг дэмждэг байна. Тодруулбал, ходоод гэдэсний замын дээд хэсэгт боловсорч, шимэгддэггүй боловч, бүдийн гэдэсний хэвийн бичил ургалын нөлөөгөөр задарч түүний өсөлт, үйл ажиллагааг дэмждэг пребиотик бодис болох олигосахарид агуулагддаг аж. Хэвийн бичил ургалын хүний биед гүйцэтгэх үндсэн үүрэг нь аминдэмийг нийлэгжүүлэх, дархлааны эрхтэний үйл ажиллагааг эрчимжүүлэхэд оршино. Нярай хүүхдийн гэдэсний хэвийн бичил ургалын 10 орчим хувийг энтеробактер, үлдсэн 90 хувийг сүүн хүчлийн нян эзэлдэг. Нярайн гэдэсний хэвийн бичил ургал нь сүүний болон цууны хүчил ялгаруулж, хүчиллэг орчин бүрдүүлснээр өвчин үүсгэгч нян үржихээс хамгаалж, хүүхдийг аливаа өвчнөөс сэргийлдэг байна. Түүнчлэн хэвийн бичил ургал нь исэлдэх урвалыг өдөөж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулдаг байна.
Эхийн сүүн дэх “А аминдэм”-ийн агууламж харьцангуй өндөр байдаг тул ходоод гэдэсний замын салст бүрхэвчийг гэдэсний халдвар үүсгэгч нянгаас хамгаалдаг.
Эхийн сүүнд агуулагддаг лизоцим (өвчин үүсгэгч нянг устгах чадвартай эсгэг), лимфоцит (дархлааны эс)нь хүүхдийн бие махбодыг өвчин үүсгэгчдээс хамгаалахын зэрэгцээ, гэдэсний хэвийн бичил ургал бүрэлдэх нөхцлийг хангадаг байна.
Эхийн сүүнд хүүхдийн бие махбодод ашигтай нян, тухайлбаламьд бифидо болон сүүн хүчлийн нян агууллагддаг аж.
Эхийн сүү нь хүүхдийн бие махбодын хамгаалах үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөөтэй дархлааны цогцолбор, эсрэгбие,идэвхжсэн цагаан эс, лактоферрин, нуклеотид зэрэг биологийн идэвхит бодисыг агуулдаг. Хүүхэд эхийн сүүгээр дамжуулан түүний амьдарч буй орчинд түгээмэл тархсан өвчин үүсгэгч нян, вирүсийн эсрэг эсрэгбиет авдаг аж. Ийнхүү эхийн сүү нь халдварын эсрэг маш хүчтэй үйлдэл үзүүлдэг тул хүүхдэд “анхны дархлаажуулалт” болдог байна.
Нэг хүртэлх насны хүүхдийн дархлааны тогтолцооны хөгжил гүйцээгүй байдаг тул төрөл бүрийн халдварт өртөх эрсдэл өндөр байдаг. Иймд эхийн сүү нь нялх хүүхдийн нэн шаардлагатай хэрэгцээ болдог. Эхийн сүү нь дулааны улиралд хүүхдийг гэдэсний, сэрүүний улиралд амьсгалын замын нян, вирүсийн халдвараас хамгаалдаг.
ЭХИЙН СҮҮ ХҮҮХДЭД ШААРДЛАГАТАЙ БҮХ ШИМТ БОДИСЫГ АГУУЛАГДАГ
Эхийн сүү нь нялх хүүхдийг шаардлагатай аминдэм, эрдэс бодис, уураг, тос, нүүрс усаар хангадаг, харшил үүсгэдэггүй хамгийн тохиромжтой хоол юм. Эхийн сүү нь 6 сар хүртэлх насны хүүхдэд шаардлагатай бүх төрлийн шимт бодисыг агуулдаг. Харин 6–23 сартай хүүхдийн хоол хүнсээр авбал зохих шимт бодис, илчлэгийн чухал эх үүсвэр хэвээр байдаг. Тухайлбал, эхийн сүү нь 6–12 сартай хүүхдийн илчлэгийн хэрэгцээний талаас илүү, 12–23 сартай хүүхдийн илчлэгийн хэрэгцээний 1/3 хувийг хангаж чадна.
Эхийн сүү нь нялх хүүхдийн ходоод, гэдэсний хоол боловсруулан шингээх чадварт зохицсон, байгалиас заяагдсан сүү юм. Эхийн сүүнд хүүхдийн ходоодонд хамгийн амархан боловсордог уураг (альбумин) байдаг.
Эхийн сүүн дэх эрдэс бодис нь үнээний сүүнээс 3-3.5 дахин бага байдаг ч тэдгээр нь хүүхдийн бие махбодод тохирсон хамгийн зөв харьцаатай байдаг ажээ. Тухайлбал, бага насны хүүхдийн ясны өсөлт, хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй кальци, фосфорын хэмжээ нь кальцийн шимэгдэлтэд хамгийн тохиромжтой харьцаа (2:1)-тай байдаг.
Эхийн сүүнд аминдэм хэрэгцээт хэмжээгээр агуулагддаг тул 6 сар хүртэлх насны хүүхдэд нэмэлт аминдэмийн бэлдмэл, жимс, эсвэл жимсний шүүс өгөх шаардлагагүй.
Эхийн сүүний тос, нүүрс ус нь өөрийгөө боловсруулах даавар агуулдаг тул амархан шингэдэг бөгөөд дааврын нөлөөгөөр хүүхдийн биед өвчин үүсгэдэггүй ашигтай нян өсөж үржин, тэдгээр нь хоол боловсруулалтыг сайжруулах нөлөөтэй В-гийн төрлийн аминдэмийг ялгаруулдаг байна.
Нялх хүүхдийн тархи, нүд, цусны судасны өсөлтөд нэн шаардлагатай тосны хүчил эхийн сүүнд агуулдаг байна. Эдгээр тосны хүчил нь бусад төрлийн сүүнд агуулагддаггүй, үл орлогдох хүчил юм.
Мэдээлэл бэлдсэн:
НЭМХ-ийн Хоол судлалын төвийн ЭША Н. Болормаа