УИХ-ын гишүүн С.Жавхлантай өчигдөр Халимаг улсын иргэн, “XXI зууны монголчууд” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Лари Илишкин уулзаж Халимаг иргэдийг Монгол Улсад оршин суух хууль санаачлан батлуулахад хувь нэмрээ оруулна уу хэмээн хүсэлт гаргажээ.
Хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“УИХ-ын гишүүн С.Жавхлан танаа хүсэлт гаргах нь:
“XXI зууны Монголчууд” төрийн бус байгууллага нь анхааралдаа авахгүй байхын аргагүй нэгэн асуудлыг судалж Монгол улс, Монгол үндэстний төлөө сэтгэл гаргахыг чухалчлан төрийн танд хандаж байна.
400 гаруй жилийн өмнө баруун Монголоос нүүдэлсэн Ойрадууд их тэмцэлийн үр дүнд нутагшин амьдрах газар нутагтай болсон билээ. Ингэж 1771 онд Волга голын эрэг дээр суурьшиж үлдсэн хүмүүсийг Халимагууд гэж нэрлэх болсон.
Олон жилийн туршид өөрийн түүх, соёл, өв уламжлалаа устаж үгүй болохоос тэмцэлдэн хадгалсаар ирсэн боловч өнөөгийн маш хурдацтай явагдаж буй даяарчлалын эрин үед халимаг улс устаж үгүй болох бодит аюул нүүрлэж эхэллээ. Өнөөдрийн байдлаар 190 000 халимаг хүмүүсээс 60 000 гаруй хүмүүс ОХУ-ын хотуудад болон Европын Холбооны улсуудад нүүн амьдарч байгаа статистик үзүүлэлт байна. Энэ нь бусад орны соёл, хөгжлийн түрэлтэнд халамж залгаа болох залуу үеийнхэн ихээр өртөж байгаа нь Халимаг үндэстний хэл бичиг, соёл, ёс заншил алдагдахад тун ойрхон ирсэний илрэл юм.
Иймд Монгол улс нь Монгол үндэстний өлгий нутаг гэж нэрлэгдэхийн учир Монгол мах цусны тасархай бүхнийхээ төлөө анхаарлаа хандуулж дэмжиж байх учиртай бөлгөө.
Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С. Жавхлан та, хэдийгээр бид Монгол улсад давхар иргэншилтэй байх хууль байдаггүйг мэдэж байгаа ч , 6000 гаруй км цаана орших Халимаг ах дүүс мөн Америк, Европ тивд амьдарч буй цус нэгт үндэстнийхээ өмнөөс Монгол Улсад Монголчуудынхаа адил оршин суух боломжтой тусгай хуулийг бодитоор санаачлан, ажил хэрэг болгоно гэдэгт гүнээ итгэж байна.
XXI зууны монголчууды ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Лари Илишкин” гэжээ.