УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатар өнөөдөр /2016.10.20/ Хойд Америк-Монголын Бизнесийн Зөвлөлийн ерөнхийлөгч ноён Стив Сандерсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Стив Сандэрс УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатарыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсан энэ үед гадаад хөрөнгө оруулагч нарыг хэрхэн татах талаар санал солилцохоор ирсэн тухайгаа дуулгалаа. Тэрээр шинээр бүрдсэн Монголын Засгийн газар идэвх, санаачлагатай ажиллаж байгааг онцлохын сацуу гадаад хөрөнгө оруулалтыг татах нэг үндэс бол Засгийн газар нь тогтвортой, алсыг харсан байх ёстой. Түүнчлэн нээлттэй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэлээ.
УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Бидэнд гадаад хөрөнгө оруулагчдыг татах асар их нөөц бололцоо байгаа. Тогтвортой байдал, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлд манай улс ихээхэн анхаарч ажиллаж байгааг онцолмоор байна. Зөвхөн уул, уурхай бус хөдөө, аж ахуйг цогцоор нь хөгжүүлж, экспортоо нэмэгдүүлэхийг зорьж байна” гэв.
Уулзалтын төгсгөлд Хойд Америк-Монголын Бизнесийн Зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандэрс 2017 оны 4 дүгээр сард АНУ-ын Вашингтон хотод болох тус зөвлөлийн форумд УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатарыг оролцохыг урьсан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.