Бүр өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн нийгэмд ажил олгогчид ажил хайгчаас мэдлэг чадвараас илүү “Та бусадтай харилцах чадвартай юу” гэдгийг нь нэн тэргүүнд асууж, чухалчилдаг болж. Харамсалтай нь залуусийн маань тодорхой хувь нь дээрх чадварыг эзэмшиж, өөрийн болгоогүйгээсээ болоод шууд ба шууд бусаар хохирох тохиолдол их гардаг ч засч, залруулахын төлөө дорвитой алхам хийж чаддаггүй. Хүссэн ч хэрхэн, яаж гэдгээ мэдэхгүй байх нь бий.
Энэ талаар болон залуусын манлайлал, тэдний нийгэм дэх оролцоо ямар түвшинд байгаа тухай Монголын Лектор төвийн захирал С.Баатарсүрэнтэй ярилцсанаа хүргэе.
-Манай улсын хувьд боловсролын чанар нь нийгмийн бүтээлч хэсгийнхэнд гологдоод байдаг. Та энэ асуудлыг юутай холбоотой гэж хардаг вэ?
-Боловсролын систем гэхээсээ илүүтэй хувь хүний тэвчээр, сахилга бат байхгүй байгаатай холбоотой. Жишээ нь англи хэл сурна гэж шийдээд эхний өдөр нь номын дэлгүүрт очиж ном худалдаж аваад уншиж эхэлдэг. Тэгээд ганц, хоёр цаг болов уу үгүй юу залхаад номоо хаагаад орхичихно. Ингэж гэнэт ухаан орсон хэрнээ маргаашнаас нь мартаад номоо цааш хийчихдэг. Энэ бол сахилга батгүй бас өөртөө хариуцлага тохохгүй байгаагийн шинж биз дээ..
Мэдээж сахилга баттай байхын зайлшгүй ямар нэгэн зүйлийг золиослох хэрэгтэй болно. Залуучууд шоу, цэнгээнд биш суралцахдаа зориулж нойроо жаахан хасахад юу нь болохгүй байхав.
-Тэгвэл залуус маань сахилга баттай байхад хэрхэн суралцах ёстой юм бэ. Ер нь нийгэм дэх залуусын оролцоо, манлайлал ямар түвшинд байна вэ?
-Залуусын манлайллын хувьд 1970-аад оныхон тодорхой хувийг эзэлдэг байсан бол өдгөө 1990-ээд оны залуус бизнесийн төдийгүй бүхий л салбарт хүч түрэн орж ирж байна. Харин 1980-1990 хүртлэх оны залуус маань тасраад үлдэх болоод байна. Гэхдээ тэдэнд суралцах боломж, цаг хугацаа байна Суралцахын тулд заавал сургуульд орох албагүй. Мэргэжлийн болон мэргэжлийн бус ур чадварууд олгодог олон сургалтын төвүүдэд хандаж болно. Ингэхийн тулд аль газар ямар чиглэлээр сурах ёстой вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өөрийгөө эхлээд олох хэрэгтэй болж байгаа юм. Миний авьяас чадвар юу вэ, би хэн бэ гэх мэтээр. Өөрийгөө танин мэдсэн хүн цаг сайн хэмнэдэг, бусадтай ажил хэрэг, бүр гэр бүл, хайр сэтгэл, нөхөрлөлийн харилцаанд орохдоо ч илүү бүтээлч, хүнлэг байж чаддаг. Харин өөрийгөө танин мэдээгүй хүн түр зуурын сонирхол, өнгөц өнгөнд хууртаж хамгийн үнэ цэнэтэй зүйл болох цаг хугацааг хоосон алдаж буйгаа мэддэггүй шүү дээ.
Ер нь ухаан муутай хүн гэж байдаггүй, ухамсар муутай хүн л гэж байдаг. Учир нь хүмүүст адилхан л оюун ухаан заяадаг. Гагцхүү түүнийгээ хөгжүүлсэн үү, үгүй юу гэдэгт асуудал бий.
Тэгэхээр залуус маань бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хэн нэгнийг дуурайж биш өөрийн гэсэн зүйлийг бүтээх хэрэгтэй. Бүтээлч сэтгэлгээтэй байж, өөрийгөө өндөр хэмжээнд хөгжүүлдэг нэгэн байх ёстой л доо.
-Бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэдэг дээр тодорхой ярьж болох уу. Хүн манлайлагч болохын тулд ямар зарчмуудыг мөрдлөг болгох ёстой юм бол?
– Өөрөөр хэлбэл, зорилготой, алсын хараатай хүн. Үүнийгээ зорилтуудад хуваагаад хэрэгжүүлж чадаж байгаа хүнийг манлайлагч гэж хэлнэ. Дарга бол хий гэж тушаадаг бол манлайлагч хийцгээе гэж уриалдаг.
– Хүн ухаан орсон цагаасаа ямар нэг зүйлрүү тэмүүлж амжилтад хүрэхийг мөрөөдөж байдаг. Анзаараад байхад өөрийгөө илэрхийлэх, ярих чадварыг ашиглаж амжилтад хүрсэн хүний түүх олон байдаг?
-Тийм шүү. Алдаагүй, цэгцтэй сайн ярих чадвар араасаа үргэлж алдар нэр амжилтыг дагуулж байдаг. Тэр ч утгаараа манлайлагч хүний нэг том давуу тал бол өөрийгөө илэрхийлэх чадвар. Илэрхийлэхдээ урт, удаан яриагаар өөрийгөө илэрхийлэх үү, эсвэл цөөн үгээр оновчтой тодорхой илэрхийлэх үү гэдэг чинь бас нэг асуудал. Тэгэхээр бусдад өөрийгөө зөв цэгцтэй илэрхийлэхийн тулд яалт ч үгүй ярианы урлагт суралцах ёстой. Технологи хөгжихийн хэрээр аль болох цөөн үгэнд багтааж өөрийгөө илэрхийлж сурах зайлшгүй шаардлагатай болж эхэлж байна. Хэт нуршуу байхаасаа илүү оновчтой товч, тодорхой байснаар хүлээн зөвшөөрөгдөх байдал бий болж эхэлж байна.
-Монголчуудыг буруу ярьж, зөв ойлгодог гэцгээдэг. Ер нь ингэж буруу ярьдаг болоход юу нөлөөлдөг юм бэ?
-Би хувьдаа эцэг эхтэй холбоотой байна уу л гэж хардаг. Багад нь хүүхдийг юм ярих гэхээр “дуугүй бай, том хүний ярианд оролцлоо” гэдэг. Өсвөр насан дээрээ ирээд мөнгө санхүүгийн асуудал ярихаар “битгий чи мөнгө яриад бай” гээд хорьчихдог. Энэ мэтээр хүүхэд өөрийгөө илэрхийлэх нь байнга эцэг эхээс хараат байсаар бие даах чадварт суралцаж чадалгүй өсөж байна. Бүх юмыг аав ээжээсээ асуудаг.
-Тийм шүү. Ийм байдал хаа сайгүй байдаг. Тэгээд одоо яах вэ. Нэгэнт ийм байдлаар өсч хүмүүжсэн хүүхэд яаж өөрийгөө илэрхийлэх чадварт суралцах ёстой юм бэ?
-Хүн ямар нэгэн зүйлийг зарж амьдардаг шүү дээ. Ихэнх нь хэн нэгэнд нь хөдөлмөр, цаг хугацаагаа зарж амьдардаг. Ер нь хувийн ур чадвар байхад мэргэжлийн ур чадварыг ажлын байран дээр бий болгож болдог. Тэгэхээр өөрийгөө л эхлээд нээ, илрүүл, би хэн бэ л гэдгээ л тодорхойл. Дараа нь би ямар ажил хийх вэ, яавал би хөгжих үү гэдгийг гаргаад ирж болно. Манай залуусын хувьд нийтлэг ажиглагддаг дутагдал нь тэмдэглэл хөтлөхдөө асар муу. Уг нь өдрийн тэмдэглэлтэй сайн ажиллаж сурах. Тэмдэглэлийн давуу тал нь байнга хүнд мартсаныг сануулж байдаг давуу талтай. Ялангуяа өнөөгийн нийгэмд чухал зүйл л дээ. Учир нь мэдээлэл ихсэх, стресстэй байх тусам мартах нь их болдог. Дээрээс нь залуучууд маань интернэтийн орчинд хэтэрхий их цагийг өнгөрүүлж байна. Үүнийгээ багасгах хэрэгтэй.
-Ингэхэд та өөрөө жиргээч байх аа. Твиттерийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Тийм. Хүнийг бичгээр өөрийгөө илэрхийлэхэд сургадаг. Тэмдэгтийн тоо заасан байдаг нь хүнийг товч, ойлгомжтой, цэгцтэй бичүүлж сургадаг гэж ойлгодог. Твиттерт мэдэмхийрэгчид гэхээсээ илүү арай өөрөөр сэтгэдэг нийгмийн хэсэг байгаа гэж боддог.
-Үгийн хүч зэвсгээс хүчтэй гэдэг. Ер нь илтгэх чадвартай болохын тулд яах ёстой вэ?
-Илтгэх ур чадварт суралцахын тулд онолын үндэстэй сургалт явуулж байгаа байгууллагуудад хандаж болно. Манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нэлээд хэдэн байгууллага бий. Шат, дамжлагтай 2-3 сургалтад сурсаны дараа өөрийгөө ямар ч байсан тодорхой хэмжээнд илэрхийлж сурна. Мөн илтгэх ур чадварт суралцсан хүмүүсээс зөвөлгөө авах хэрэгтэй. Үүний дараа өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй болно. Зөв зүйлд цагаа зарцуулж өөрт хэрэгтэй номнуудыг сонгон өдөр бүр уншиж, түүнээс суралцдаг байх түүнчлэн бусадтай санал бодлоо чөлөөтэй хуваалц. Гэхдээ өөрийнхөө үзэл бодлыг тулгахаас илүү тэдний яриаг анхааралтай сонсож сурах хэрэгтэй.
Манайд хандаж байгаа байгууллагууд мэргэжлийн ур чадвар гэхээс илүүтэй хувийн ур чадвартай , эерэг хандлагатай хүн олоод өгөөч, бид нар чадавхижуулаад авья гэж байна. Эндээс бүх зүйл тодорхой харагдаж байгаа юм.
-Монголын Лектор төв ес дэх жилдээ залууст хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт явуулж байна. Энэ хугацаанд хийгдсэн томоохон ажлууд, түүний үр дүнгийн талаар товчхон ярихгүй юу?
– Монголын Лектор төв хувь хүний хөгжил, бизнесийн байгууллагын хөгжилд зориулсан сургалтууд гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Монгол хүний өрсөлдөх чадварыг дээшлүүлье, оюун санааны үнэлэмжийг бий болгоё, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлье, нийгмийн хариуцлага, мэдлэгийн үнэ цэнийг дээшлүүлье гэсэн зорилготойгоор нэлээдгүй ажлыг хийж байна. Хамгийн сүүлд “Залуу манлайлал” хөтөлбөрийн хүрээнд “Оюуны олимп”-ийг амжилттай зохион байгууллаа. Оюун ухаанаараа өрсөлдөөд түрүүлсэн залууд нь автомашин өгсөн. Энэ бол монгол хүний оюуны үнэ цэнийн үнэлэмжийг дээшлүүлсэн нэг алхам болсон.
Энэ үнэлэмжийг өсгөх үүднээс маш олон залуучуудыг дэргэдээ авч судалгааны ажилд чиглүүлж бэлдэж, заавар зөвөлгөө өгөх гэх мэт ажлуудыг хийж байна. Дараагийн том ажил нь бид бизнесийн байгууллагын ажилчдад дэлхийн боловсролыг дэргэдээсээ авах боломжийг бий болгохыг хичээж ажиллаж байна. Мөн компаниудын захирлууд, менежерүүд, борлуулалт, маркетенгийн ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулж байна.
Үүнийхээ хүрээнд жил бүр “Монголын маркатенгийн менежерүүдийн нэгдсэн сургалт зөвөлгөөн”, “ Хүний нөөцийн менежерүүдийн нэгдсэн сургалт зөвлөгөөн”-ийг санаачлан амжилттай зохион байгуулж байгаа. Мөн энэ жил анх удаа “Манлайлагчдийн үндэсний форум”-ыг зохион байгуулах зорилго тавиад ажиллаж байна.