Хар тамхи, мөрийтэй тоглоом, биеэ үнэлэлт, мафи, авлига, хүний наймаа гэх мэт хар бараан зүйлээрээ Азидаа толгой цохидог орнуудын нэг бол Малайз. Эдгээрийг нь ашиглан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн, зугаа цэнгэл хөөсөн хүмүүс Малайз уруу зорчдог. Мөн Малайз уруу визгүй зорчдог байдал манайханд сайхан завшаан болдог нь нууц биш. Ялангуяа Малайз уруу манай охид бүсгүйчүүд ихээрээ явдаг бөгөөд тэнд очсон Монгол охидын 95 хувь нь /нэг болон нэлээд хэдэн хүнд/ биеэ үнэлж амьдардаг талаар Малайзад сурдаг Монгол оюутан охин хэвлэлд ярьсан нь бий. Өнгөрөгч зун Малайзад 26 настай, Номин-Эрдэнэ хэмээх Монгол охин халдлагад өртөж, таван удаа буудуулж үхэхийн даваан дээр амьд үлдсэн. Өдгөө энэ хэргийн эздийг цагдаагийнхан баривчилсан ч гэмт этгээдүүд нь хариуцлагаас мултрах нь тодорхой боллоо.
Арга ч үгүй юм, Монгол бүсгүйг аймшигтайгаар хөнөөсөн алуурчдыг Малайзын албаныхан баривчлаад цаазын ял оноох гэж байхад нь манай Гадаад хэргийн сайд асан Лу.Болд Малайзад очиж, Австралиас баригдаж ирсэн Монгол Улсын иргэний аминд онц ноцтойгоор хүрсэн гэмт этгээдүүдэд өршөөл үзүүлэхийг Малайзын Засгийн газраас хүсч байв. /Лу.Болдын мэдэгдлийг ЭНД дарж үзнэ үү/
Ингэж Ц.Элбэгдорж, Лу.Болд тэргүүтэнгүүд Монгол Улсын нэрийн өмнөөс иргэнийхээ алтан амийг юман чинээ тоохгүй байхад Малайзын тал юу гэж тоох билээ. Тэгээд ч Малайзад онц хэрцгийгээр алагдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн үхэлд Малайзын өнөөгийн Ерөнхий сайд Нажиб Разакийг холбоотой гэдэг. Ш.Алтантуяагийн хэрэг Малайз, Монголоос гадна Франц цаашлаад дэлхийн олон оронд түгсэн, онц ноцтой хэрэг. Франц хэмээн тодотгохын учир, Малайзын Батлан хамгаалахын сайд Нажиб Разак тухайн үед дотно харилцаатай байсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг Малайзын Батлан хамгаалах яамны шугамаар Францаас шумбагч хөлөг онгоц худалдан авах их хэмжээний мөнгө унагасан гэрээ байгуулах ажилдаа орчуулагчаар ажиллуулж, унацнаасаа хувь хүртээнэ хэмээн амалсан байжээ. Харин дараа нь түүнд нэг ч төгрөг өгөөгүйгээр зогсохгүй мөнгө нэхэж, өгөхгүй бол нууцыг нь задална хэмээн сүрдүүлсэн Ш.Алтантуяагийн амь насыг захиалж, онц хэрцгий аргаар хөнөөлгөсөн юм.
Энэ хэргийг Францын талаас ихээхэн судалж, шинжээчид томилж манай талаас Ш.Алтантуяагийн амь насанд халтай ямар нэгэн буруутай зүйл гараагүй гэдгийг нотлохын зэрэгцээ энэ хэрэгт тухайн үеийн Малайзын өндөр албан тушаалтнууд буруутай болохыг илэрхийлж байсан юм. Манайхаар бол С.Зоригийн хэрэг, Малайзад бол захын нэг таксины жолооч нь хүртэл мэддэг Ш.Алтантуяагийн хэргийн талаар эргэн сануулахад, хүүхдийн эх, 28-хан настай Монгол бүсгүй Ш.Алтантуяагийн гарыг нь ард нь хүлж, толгойд нь хар уут углаж ойд аваачиж байгаад толгойд нь буудаж, дараа нь биед нь С4 тэсрэх бөмбөг бэхэлж байгаад дэлбэлж ямар ч ул мөргүйгээр, хүн танихын аргагүй байдлаар онц хэрцгий аргаар хөнөөсөн юм.
Үүнээс гадна амиа алдахдаа Ш.Алтантуяа жирэмсэн байсан гэх мэдээллийг гаднынхан өгдөг. Ийм үйлдлийг ямар ч эцэг хүн, ямар ч эх орон зүгээр хараад суухгүй. Харин дан ганц манайх л тэгж чадлаа. Улмаар Малайзын эрх баригчидтай тогтоосон харилцаагаа улам бүр гүнзгийрүүлж тэдэнд Завханаас илэрсэн алтны томоохон ордоо “зарав”. Иргэнийхээ амийг үл тоосон манай эрх баригчдын шунал хүслийн балгаар Малайзад олон ч Монгол бүсгүй амиа алдсан. Мэдэгдэж байгаа нь л гурав, дөрөв байна. Хамгийн сүүлчийнх нь өнгөрөгч оны зургадугаар сард цээж болон мөрөндөө таван удаа буудуулж азаар амьд үлдсэн Номин-Эрдэнэ. Түүнийг 35 настай Малайз найз залуутайгаа машинаар нь хамт явж байхад гэгээн цагаан өдрөөр зам дээр мотоцикльтой хоёр этгээд зэрэгцэж ирээд жолоочийн талаас нийт найман удаа буудсан байдаг. Үүнээс тав нь Монгол бүсгүйг оносон бөгөөд түүний найз залуу бизнесмэн эр нэг ч суманд оногдоогүй юм. Гэмт этгээдүүд энэ хэргийг өс хонзонгийн сэдэлтээр хийсэн бөгөөд тухайн үед машины хар тенны улмаас жолоочийн талд Монгол бүсгүй сууж байсныг мэдээгүй юм.
Номин-Эрдэнэтэй найзалж байсан Малайз бизнесмэн эр “цэвэр амьтан” биш гэдэг нь гэмт бүлэглэлийн эзэнтэй ам муруйсны улмаас амь насаа удаа дараа заналхийлүүлж байснаа цагдаа нар мэдүүлж байсан юм. Харин тэр өдөр гэнэт яагаад Монгол бүсгүйд жолоогоо шилжүүлсэн нь одоо ч нууцлаг хэвээр. Өдгөө Номин-Эрдэнэ рүү буудсан мотоцикльтой хоёр эрийг Малайзын цагдаа, тусгай хүчинд ажиллаж байсан хүмүүс байсныг тогтоосон. Энэ хэрэгт нийт таван хүн нэр холбогдсон бөгөөд тэдний гурав нь цагдаа, тусгай хүчний алба хаагчид байсан байна. Улмаар Туслах ахлах /цагдаагийн цол/ Харис Фаддила Хасим /40 нас/, бизнесмэн Лау Нгик Инь /46 нас/, хуучин цагдаагийн ажилтнууд болох Мохд Низам Маншор /35 нас/, Индра Зайди Замани /33 нас/ болон бизнесмэн Лаугийн бие хамгаалагч Зайнуддин Росман /37 нас/ нарыг нотлон баримт хангалтгүй хэмээн прокуророос суллажээ. Сануулахад, Ш.Алтантуяаг ч гэсэн Малайзын өнөөгийн Ерөнхий сайд, тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Нажиб Разак болон түүний хамсаатан Абдул Разак Багинда нарын бие хамгаалагчид болох хуучин цагдаа, тусгай хүчинд ажиллаж байсан хүмүүс хөнөөсөн юм. Үүний дараа Малайзад хоёр ч Монгол бүсгүй амиа алдаж, гэмт этгээдүүд нь ял шийтгэлгүй өнгөрч байв.
Нэг Монгол бүсгүй нь өндөр байшингийн цонхоор учир битүүлгээр унаж амиа алдсан бол нөгөө нь сийчүүлж, дүүжлүүлсэн байдалтай олдсон юм. Хамгийн аймшигтай нь, тэдний нэг нь “ахаа намайг авраач” хэмээн Монгол уруу мессеж бас бус зүйл бичсэн байдаг. Тэр дундаа зурагтаар өөрийг нь нас барлаа хэмээн мэдээлж байна хэмээн амьд сэрүүн Монгол бүсгүй өөрийгөө үхэх юм байна гэдгээ “эцсийн амьсгал” шигээ гэр бүлийнхэндээ мэдэгдсэн байдаг. Малайзын сөрөг хүчин, ард түмэн Ш.Алтантуяагийн хэргээр Нажиб Разак тэргүүтэй хуулийг гууль болгогчдыг албан тушаалаас нь огцруулах гэж өнгөрсөн хугацаанд мөн их тэмцэв. Харин манай талаас хөдөлж өгсөнгүй, харин ч бүр Нажиб тэргүүтэнгүүдийг дэмжиж, тэр нь эцэс сүүлдээ Тэтгэврийн сангаас хууль бусаар 30 тэрбум малайз ринггит гарган Монгол Улсад 30 жил алтны орд эзэмших хүртлээ гүнзгийрсэн байхыг Малайзын сөрөг хүчнийхэн үгүйсгээгүй юм.
Төгс