Зам, тээврийн хөгжлийн яамнаас төмөр зам, орон нутгийн автобус, орон нутгийн онгоц зэрэг тээврийн үйлчилгээнд тасалбар түгээх нэгдсэн систем ТҮЦ машин нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаар өнөөдөр мэдээллээ. Энэхүү тасалбар түгээх автомат нэгдсэн системийг нэвтрүүлснээр хэрэглэгчид суудлын хуваарь, зорчих өдөр, цаг гэх мэт бүхий л мэдээллийг оруулан тасалбараа худалдан авах боломжтой болох юм. Ингэснээр хэрэглэгчиддээ ачаалалгүй, түргэн шуурхай, орчин үеийн, шинэлэг техник технологи болон боловсронгуй үйлчилгээг хүргэхээс гадна билетийн кассын ачааллыг бууруулах, хүний нөөцийн зардлыг хэмнэх ач холбогдолтой аж.
Тасалбар түгээх машиныг томоохон худалдааны төвүүд, аялал жуулчлалын компани, тээврийн товчоо, төв шуудан гэх мэт олон нийтийн газруудад байршуулах юм байна.
Тус яамнаас зам, тээрийн салбарт тээврийн нэгдсэн, ухаалаг системийг хөгжүүлэх зорилтынхоо хүрээнд ард иргэдэд үйлчилгээг ойртуулах, хямд, хүртээмжтэй байлгах, ард иргэдийн эрэлтэд нийцсэн үйлчилгээг үзүүлэхээр ийнхүү ажиллаж эхэлжээ. Энэ зорилгын хүрээнд эхний ээлжинд улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний автобусны тасалбарыг автомат машинаар борлуулах туршилтын ажлыг эхлүүлж байгаа юм. Туршилтын үйл ажиллагаа амжилттай болсноор ирэх оны нэгдүгээр улирлаас нийтийн хүртээл болгон ашиглах юм байна. Энэхүү ухаалаг систесмийг зөвхөн улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнээс гадна дотоодын нислэг, төмөр замын билетийг хамт бичиж, түгээх боломж олдож буй нь энэ аж. Мөн Зам, тээврийн салбарын бусад төрлийн лавлагаануудыг авах боломж нээгдэж байна.
Тасалбар түгээх машиныг үйлчилгээнд нэвтрүүлэхэд төрөөс ямар нэгэн хөрөнгө шаардлагагүй бөгөөд хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болжээ. Үүнийг тус яамнаас бодлогоор дэмжиж, түншлэлийн хүрээнд цаашид хэрэгжүүлэн хөгжүүлэхээр болсон талаар албаныхан хэллээ. Энэхүү үйл ажиллагаа нь тээврийн нэгдсэн системийн зөвхөн нэг хэсэг нь бөгөөд төмөр зам, авто тээврийн холимог үйлчилгээг туршилтаар эхлүүлж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд танилцууллаа. Тэрээр “Улаанбаатар- Сэлэнгэ-Улаан-Үд чиглэлд төмөр зам болон улс хоорондын автобусаар зорчих холимог тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх туршилтаа өнөөдөрөөс эхлүүлж байна. Туршилтын үйл ажиллагаа амжилттай хэрэгжвэл цаашид тогтмолжуулна. Ингэснээр тээврийн дэд салбаруудыг үйлчилгээг нэгтгэж, иргэдэд ойртуулах, үнэ хөлсийг бууруулах ач холбогдолтой” гэлээ.