Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооын дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар өнөөдөр /2016.10.27/ ХБНГУ-ын Холбооны Аюулгүй байдлын бодлогын академийн ерөнхийлөгч Карл-Хайнц Камп тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооын дарга Ж.Энхбаяр хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт эрчимжиж байгааг онцлоод тэр дундаа зэвсэгт хүчний салбарт нягт хамтын ажиллагаатай байдагт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Ноён Карл-Хайнц Камп Улсын Их Хурлын гишүүдийг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд олон улсын цэргийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх асуудлаар санал солилцохоор ирснээ уламжлав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын зэвсэгт хүчний салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.