Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тогтоолын төслийг хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.10.28/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.55 цагт эхэлж, “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх” үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нар оролцсон юм.

chuulgan7

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулгадаа байнгын хорооны хуралдаанаар уг төслийн анхны хэлэлцүүлгээр ажлын хэсгээс гаргасан саналыг нэг бүрчлэн хэлэлцэн дэмжсэн. Тухайлбал, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шинжилгээ үнэлгээ хийх орон тооны бус зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллаж, уг зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба гүйцэтгэхээр төсөлд тусгасныг өөрчилж АТГ-ын бүтцэд дээр дурдсан үүрэг бүхий ажлын албыг ажиллуулах, яам, агентлагийн болон орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг ажиллуулах саналуудыг оруулж байгаагаа онцолж байлаа.

chuulgan8

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдлуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Цогтбаатар, Л.Болд, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, Я.Содбаатар, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар, М.Билэгт нарын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Цогтбаатар нар Монгол Улсын авлигын төсөөллийн индексийг “Транспаренси Интернэшл” байгууллагын судлагаагаар бус өөр олон улсын томоохон байгууллага болон монголын иргэний нийгмийн байгууллагын судлагааг харгалзан авлигын индексийг гаргаж болохыг, УИХ-ын гишүүн Я.Содбаатар үндэсний хөтөлбөрт 2015 оны олон улсын авлигын индескээр Монгол Улс олон улсын жагсаалтад хэд дүгээр байрт байгааг дурдаагүй учрыг сонирхож байлаа.

chuulgan5

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал олон улсын авлигын индекст Монгол Улс 2015 онд 72 дугаар байрт орсон байгаа. Хөтөлбөр үүнээс өмнө боловсруулагдсан учир 2015 оны олон улсын авлигын индексийг оруулж амжаагүй. “Транспаренси Интернэшл” байгууллагын судлагаагаар бус өөр олон улсын томоохон байгууллага болон монголын иргэний нийгмийн байгууллагын судлагааг харгалзан авлигын төсөөллийн индексийг гаргах талаар хууль, тогтоомжид өөрчлөлт оруулбал, бид хэрэгжүүлэхэд бэлэн. 2015 онд Авлигатай тэмцэх газар иргэний нийгмийн байгууллагаар авлигад өртөх өндөр магадлалтай хэсгийн судлагааг хийлгэсэн. Өнгөрсөн оны энэ судлагаанаас харахад авлигад өртөх хамгийн өндөр магадлалтай хэсэгт төрийн байгууллагуудаас Барилга, хот байгуулалтын яам 65.5, агентлагуудаас МХЕГ 67.3, аймаг орон нутгаас Баян-Өлгий аймаг 65.5 хувийн үзүүлэлттэй гарч байсан. Энэ мэтчилэн бид иргэний нийгмийн байгууллага, олон нийт, төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байгаа гэж байлаа.

chuulgan4

Асуулт, хариултын дараа Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 47 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан юм.

Тухайлбал, Төсөлд хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх, эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх, иргэн хуулийн этгээд хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломжийг бүрдүүлэх гэсэн зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 93.2 хувь нь дэмжив. Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах үйлсэд өөрийн сайн дураар оролцож байгаа иргэнийг урамшуулахыг гишүүдийн 86.7, авлигын шинжтэй үйлдлийг таних мэдэх, авлигыг үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэхэд боловсролын байгууллага, гэр бүлээр дамжуулан улсын хэмжээнд олон талт арга хэмжээ зохион байгуулах, авлигын эсрэг боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах гэсэн санал 89.6 хувиар тус тус дэмжигдлээ. Мөн олон нийтэд авлигын гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, уг ажиллагаанд татан оролцуулах зорилгоор нийтийн албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд чиглэсэн арга хэмжээг үе шаттайгааг хэрэгжүүлэх, олон нийтийг оролцоог өргөжүүлэх хэрэгтэй гэсэн санал  хуралдаанд оролцсон гишүүд 90.4 хувиар дэмжив.

Ингээд уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …