Хатагтай Нэнси Постер, ноён Марк Коэнинг нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Канад улсын Элчин сайдын үүргийг түр хамаарагч Нэнси Постер, Азийн сангийн хөтөлбөр хариуцсан дэд захирал Марк Коэнинг нарыг хүлээн авч уулзав.

_dsc0435

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Нэнси Постерт Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж нийгэм, эдийн засгийн олон асуудлуудыг шийдвэрлэх болон УИХ-ын Тамгын газартай хамтран УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлд Канад Улс, Азийн сан чухал хувь нэмэр оруулсаар байгааг өндрөөр үнэлдгээ илэрхийлэв.

_dsc0459

Түүнчлэн хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог хангах, тэдний санал бодлыг тусгахад Зөвлөлдөх санал асуулга, уулзалт чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, Зөвлөлдөх ардчиллын талаар Стэнфордын их сургуультай хамтран хэрэгжүүлсэн туршлага дээрээ үндэслэн УИХ-ын гишүүн Г.Занданшатар дээрх чиглэлээр УИХ-тай хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг, техникийн туслалцаа авах талаар Азийн санд санал тавьсан болохыг дурдав.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийнхээ саналыг авах үйл ажиллагаанд Канад Улс, Азийн сантай хамтран ажиллах боломжтой гэдгийг дурдлаа.

Хатагтай Нэнси Постер хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд Монгол Улс, Канад Улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа тэмдэглэв.

_dsc0465

Ноён Марк Коэнинг 2015 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгад Улаанбаатар хотын 300 иргэн санамсаргүй түүврийн аргаар оролцон, Улаанбаатар хотыг хөгжүүлэх Мастер төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг эрэмбэлсэн нь үр дүнтэй болсон бөгөөд ийм санал асуулга Монголын нөхцөлд тохиромжтой болох нь харагдсан. Энэхүү санал асуулгыг Стэнфордын их сургуулийн профессор, ноён Жэймс Фишкин техникийн туслалцаа үзүүлж, Австралийн Засгийн газар санхүүжүүлсэн юм гэлээ.

Тэрбээр “Уламжлалт санал асуулга нэг талын шинжтэй, оролцогчид мэдээллээр хангагдах боломжгүй байдаг бол Зөвлөлдөх санал асуулга илүү бүтээлч, бүх талын оролцоог хангасан, иргэдээ тухайн асуудлын талаарх тодорхой мэдээллээр хангадаг давуу талтай. Тиймээс  Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулга явуулах ажлыг Канад Улс, Азийн сан дэмжих болно гэв.

Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Г.Занданшатар “УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Үндэсний хэмжээний зөвшилцлийн механизм байгуулах асуудлыг санаачилж байсан хүн. Бид ийм Зөвлөлдөх хороо байгуулах ажлыг УИХ-ын даргын ивээл дор, Үндсэн хуулийн 25 жилийн ойн хүрээнд хийх бодолтой байна. Энэ ажилд та бүхнийг санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлнэ үү хэмээн хүсэж байна” гэлээ.

Хатагтай Нэнси Постер, ноён Марк Коэнинг нар Монгол Улстай, түүний дотор УИХ-тай цаашид үр бүтээлтэй хамтран ажиллахын төлөө байх болно гэдгээ уулзалтын төгсгөлд тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …