УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын хаврын чуулган завсарлаж, гишүүд амрахын зэрэгцээ тойрогтоо ажиллаж байна. Таны хувьд тойрогтоо хэр ажиллав?
-Энэ сарын дундаас эхлэн тойрогтоо ажиллаж байна. Ойрын үед хамгийн их асуудалтай байгаа хуучин Партизаны сангийн аж ахуй буюу одоогийн 21-р хорооны иргэдтэйгээ уулзаж тав хоног ажилласан. Тэнд дандаа жижиг фермерүүд буюу нийслэлийн иргэдийг сүүгээр хангадаг 5-20 үнээтэй иргэд ажиллаж амьдардаг.
“СҮҮ” ХК монополь эрхтэйгээр сүүг нь маш хямд үнээр худалдан авч байна. Тухайлбал долоодугаар сард 320 төгрөг, энэ сард 400 төгрөгөөр нэг литр сүүг худалдан авч байгаа нь савласан цэвэр уснаас хямд байгаа юм. Тиймээс фермерүүд Засгийн газарт байнга шаардлага тавьж байгаа.
Учир нь малын тэжээлийг Хятадад экспортлох эрх олгосноос гурилын үйлдвэрүүд бүх хивгээ тийш нь ачуулж, дотоодын хэрэгцээнд бараг олдохоо больсон. Өнгөрсөн жил нэг тонн нь 120 мянган төгрөг байсан. Гэтэл өнөөдөр 230 мянган төгрөг хүрсэн болохоор тэжээлээ авахын тулд тугал, бяруугаа зарж байгаа. Цааш энэ байдлаараа явбал жилийн дараа бүх фермерүүд үнээгээ зарж, модоо барих нь гэдэг асуудал тавьж байгаа юм. Мөн Улаанбаатар хотын захиргаанаас энэ хороог суурьшлын бүс, зуслангийн бүс гэж зарлан газар олгох шийдвэр гарч байгаа тул малтай иргэд цаашид хаашаа явахаа мэдэхээ больчихсон сууж байна.
Фермерүүдийн зүгээс бусад малын түүхий эдэд олгож байгаа татаасыг сүүнд олгох, хуурай сүүний импортыг хязгаарлах, малын тэжээл тариалах газар олгох, тэжээлийн экспортыг хаах зэрэг шаардлагуудыг тавьсаар байна.
–Таны хэлсэнчлэн танай тойрог баруун тийшээ байнга тэлж байгаа ч дэд бүтэц болон төрийн үйлчилгээ авах боломж тун тааруухан байдаг. Үүнийг ойрын үед шийдвэрлэх боломж бий юу?
-Улаанбаатар хотын захиргаа Ханын материал орчим руу нүүнэ гэсэн сайхан мэдээ гарч, шав тавьсан. Тийм болохоор дэд бүтэц эрс сайжрах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Дэндүү том газар нутагтай дүүрэг тул төрийн үйлчилгээний хүрэлцээ үнэхээр муу. Ер нь хоёр дүүрэг болгож хуваах шаардлагатай гэж үзэж байгаа.
-Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байдаг. Энэ хичээлийн жилд хэр байгаа бол?
-Сонгинохайрхан дүүрэгт энэ жил сургууль цэцэрлэгийн асуудал эрс хүндэрнэ. 2013 оны төсөвт цэцэрлэггүй дөрвөн хороонд цэцэрлэг бариулах төсөв суулгуулсан ч өнөөг хүртэл тендер зарлагдаагүй. Цэцэрлэгийн нэгдсэн зураг гаргах ажил хийгдээгүй, 600 сая төгрөгөөр батлагдсан төсөвтөө тааруулан тал цэцэрлэг барих нь гэх зэргээс болж барилгын ажлууд эхэлсэнгүй.
Алтан гахай жилийн хүүхдүүд сургуульд элсэж байгаатай холбогдуулан нэгдүгээр ангиуд дөрвөн ээлжээр хичээллэх болж байна. Гэтэл гуравдугаар ээлж орой 19:00 цагт тардаг болчихоор дөрөвдүгээр ээлжээ хэзээ хичээллүүлэхээ ч мэдэхгүй асуудал их бий.
-Тун удахгүй ээлжит бус чуулганыг хуралдуулахаар боллоо. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхийг зорьж байгаа. Хамгийн олон хүн амтай дүүргээс сонгогдсоны хувьд өнөөгийн эдийн засгийн нөхцөл иргэдийн амьдралд хэр нөлөөлж байгааг анзаарсан байх?
-Ам.долларын ханш эрс өсөж, барааны үнэ эрс нэмэгдэж байна. Ялангуяа сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулан иргэдийн нуруун дээр эдийн засгийн хямрал эрс мэдрэгдэж эхэллээ. Манай дүүрэг ядуурал ихтэй болохоор хамгийн түрүүнд мэдрэгдэж, иргэд бухимдалтай байна.
-УИХ-ын хаврын чуулганы үеэр таны санаачилсан Тамхины хяналтын тухай хууль батлагдаж, одоо мөрдөгдөж байгаа. Гэсэн ч зарим зохицуулалтыг хийгээгүй учраас хэрэгжилт тун муу байна гэж яригдах болсон. Энэ талаар санаачлагчийн хувьд ямар тайлбар өгөх бол?
-Тамхины хяналтын тухай хуульд бүх зохицуулалт орсон. Харин тамхи татах цэг байгуулах зэрэг асуудал нь орон нутгийн эрх мэдэлд байгаа тул нийслэл, аймаг, дүүрэг, сумдад өөрсдөө зохион байгуулах ёстой. Бид ирэх есдүгээр сард хууль хэрэгжилтийн хяналт хийхээр төлөвлөөд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ямар байгаа нь мэдрэгдэх байх.
-Зарим хүний хэлж буйгаар тамхины далд бизнесийг өргөжүүллээ, үнийн хөөрөгдөлд орууллаа гэдэг. Мөн импортлогчдын бизнест хориг тавилаа гэх зэргээр шүүмжлэх болсон. Ямар нэгэн байдлаар зохицуулалт хийх ёстой юм биш үү?
-Ер нь цаашид архи, тамхины бизнес эрхлэгчид анхаарах хэрэгтэй байх. Энэ төрлийн бизнесийн ашиг, орлого тогтмол буурна. Дэлхий нийтээрээ тэмцэж байгаа асуудал шүү дээ.
-Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яригдаж байсан. Чухам юуг нь орхигдуулсан гэж үзэж байгаа вэ?
-Хамгийн үр дүнтэй арга нь энэ хуульд өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцэх болно. Өөрчлөлт оруулна гэж ярьж байгаа хүн бүрийн ард тамхи үйлдвэрлэгчдийн лобби явж байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
-УИХ дахь эмэгтэй гишүүд нийгэм рүү чиглэсэн ажлуудад их оролцдог. Гэвч үр дүн нь
харагдахгүй байна гэдэг шүүмж байнга гардаг. Энэ удаагийн парламент үйл ажиллагаагаа эхлүүлээд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Эмэгтэйчүүд нэмэгдсэний үр дүн хэр байна, таныхаар?
-Иргэдтэй уулзаад явж байхад эмэгтэйчүүд нэмэгдэж дуу хоолойгоо нэгтгэж байгаад талархаж байна лээ. Хүлээлт ч байгаа. Нэг жилийн дотор олон ажил амжуулсан. Төлөвлөсөн зүйл ч их бий.