“Алтжин” компанийн захирал Г.Алтангийн нэр сүүлийн үед төрийн өмчит томоохон компаниудын захирал, эсвэл эзний албан тушаалд яригдах болов. Энэ учиртай. МАН түүнд өртэй.
2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр МАН дотоод ажилдаа зарцуулахаар Г.Алтангаас нэг сая ам.доллар зээлсэн байдаг. Тэр үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, иргэн Г.Алтан нарын гарын үсэг зурж баталсан Зээлийн болон Барьцааны гэрээ бий. Зээлийн гэрээнд нэг сая ам.долларын сарын хүү 2.9 хувь байхаар тусгасан боловч хүүгээ ч төлөлгүй явсаар эцэстээ шүүхдэлцсэн.
Ийн шүүхдэлцэж байх зуур МАН зээлийнхээ барьцаанд Чингэлтэй дүүргийн V хороо, VI хороолол дахь Ү-2202002678, 000133314 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаар бүхий 7.550 мкв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай байрыг 0231960, 154/0135 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 4.712 мкв газрын хамт Г.Алтанд тавьсан нь ил болдог. Үүнээс болоод шүүхийн шийдвэрийн дагуу Лениний музейг төрд шилжүүлэх ажил гацчихаад байгаа юм.
Харин Г.Алтанд төлөх МАН-ын өр нэмэгдсээр өнөөг хүрэв. Сарын 2.9 хувь буюу 29 мянган ам.доллар бодогдож явсаар өнөөдөр 1.392 мянган ам.доллар болоод байгаа ажээ.
Нөгөөтэйгүүр Г.Алтан 2010 онд Увс аймгийн нэр дээр МАН-ын Бага хурлын гишүүн болсон байдаг. Мөн намынхаа лидерүүдтэй нэлээд ойр гэдэг.
Товчхондоо, өнөөдөр түүний албан тушаал бүр дээр нэр нь гарч буйгийн шалтгаан энэ. Сүүлийн хэд хоногт Г.Алтанг “Эрдэнэт”-ийн захирлаар очно гэсэн яриа нэлээд гарах болсон. Гэхдээ ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат энэ мэдээллийг эрс үгүйсгэж байгаа юм. Харин Г.Алтан ирэх онд Төрийн банкийг хувьчилж авч магадгүй ажээ. Магадгүй ч гэж, магадлал нэлээд өндөр байгаа аж. Учир нь “Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэж байгуулахад Г.Алтангийн хөрөнгө хамт очсон гэнэ. Г.Алтангийн өмчлөлд шилжүүлэх ёстой 26 сая ам.доллар Төрийн банкинд байна гэдгийг шүүх тогтоочихсон ч өнөөг хүртэл шийдвэрийг нь биелүүлээгүй байжээ. Магадгүй энэ нь Г.Алтанд хэрэгтэй байсан байж мэднэ. Удахгүй хувьчлал явагдахад Г.Алтан давуу эрхтэй оролцоно гэсэн үг. Мөн дээрээс нь МАН түүнд зээлж авсан сая ам.доллар, хүү нь болох 1.392 мянган ам.доллар, нийлээд 2.392 мянган ам.долларын өртэй. Хаагуур нь ч бодсон Г.Алтан захирал Төрийн банкинд эзэн суух нь тодорхой гэдгийг эх сурвалж хэлж байна.
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин