– Баянмөнх аварга баян эзнийдээ очиж тэрэг, унаа хөсөг гуйтал дураараа тэнэж тэнэж ирчихээд бас хол газар морь мал зовоох гэлээ гэх зэргээр баян эзэн хахирган зан гаргав гэнэ. Баянмөнхийн дургүй хүрч явган буцаж ирээд дөрвөн ханатай гэрээ багахан эд хогшилтойгоо хамт баглаж үүрээд дээр нь ээжийгээ суулган өртөө орчим газар огт амралгүй нүүгээд очиж байсан гэнэ.
-Аварга Вандан үхэр тэргээр жин тээж яваад Орхон, Шаамарын тавилан дээр хөсөг тэргээ тавилангаар гаргуулж байжээ. Тавилангийн тавцан дээр ачаа тэргээ үхрээс тусад нь гаргадаг тул Вандан ачаатай тэрэгнүүдийн арлыг нь сугандаа хавчуулан бариад ганцаараа тавцангаас чирч буулгаж байжээ. Гэтэл нэг ачаа тэргийг тийнхүү чирч, араараа ухран эрэг дээр гартал тавцангийн оосор тасран цааш хөвжээ. Тэрэг нь тавилан дээр хараахан гарч амжаагүй тул усанд орох болсон тул Вандан тэргээ угз татангуут хажуу тийш дүүгүүрдэн бүтэн эргэж ачаа тэргийг эргэн гаргасан гэдэг.
– Жамъян аварга нь хориод настай үедээ Алтай давж Цонж хотоор замнан Альшаа нутаг хүртэл хэдэн удаа явахад гүүр цөмөрч хамгийн сүүлд явсан бууран тайлаг дорогш усанд унахыг завдсанд арга алдахдаа бөгсөн талаас нь өргөн гүүрний бүтэн хэсэг дээр гаргаснаас хойш тийнхүү буур Жамъян гэх болсон.
– П.Бат-Очир арслан жин тээгээд яармагийн хуучин модон гүүрэн дээгүүр гарч явтал гүүрийн мод цөмрөн ачаатай нэг тэмээний урд хөл нь доошоо цөмрөн орчихоод гарч чадахгүй байхад ачааг нь буулгалгүй өргөөд гаргаж байсан билээ.
– 1956 онд Архангай аймгийн Тариат сумын хуучин төвийн урьд Мөстийн ам гэдэг газар шуудангийн ГАЗ-51 машины зөв талын урд дугуй хагарсанд, данхараад байхгүй яах учраа олохгүй сууж байтал Жамъян аварга ирж ганцаараа өргөөд мод ивүүлж дугуйг нь хийлүүлж байсан гэдэг.
– Архангай аймгийн Хайрхан сумын харъяат Ц.Чимэд-Очир аварга хойд хоёр дугуй нь тэхий дундаа ортол шаварт шигдсэн “ЯАЗ” машиныг ажиггүй өргөөд гаргаж байсан байна.
– Ш.Батсуурь аварга тонн хагасын ачааны тэрэгний урд талын өрөөсөн хажуунаас нь өргөж байгаад албан газрын түлшинд тайруулсан тайрдсыг доогуур нь тавиулж байсан байна.
– Л.Сосорбарам арслан ГАЗ-69 машинтай явж байгаад машин онхолдон дөрвөн дугуй нь дээшээ хараад дотроос нь хүн гарч чадахгүй байхад нь машиныг ганцаараа өргөөд босгож байсан. Мөн шаварт хойд хоёр дугуй нь шигдэж хий эргээд байгаа “Победа” машины хойноос нь өргөөд шавраас гаргасан. Бас үхэр адуу хоёрын мах багтаасан дөрвөн шуудай махыг хоёр хоёр шуудайгаар нь хоёр мөрөн дээрээ тавиад байшингийн гурван давхарт гаргаж байсан гэдэг.
– Ш.Гомбосурэн заан банз ачсан хар модон тэргийг усаар гаргаж явтал буулганы боодой нь тасарч үхэр нь гарч ирэхэд усан дотор орж нөгөө тэрэгний голыг сайн боогоод хоёр арлын үзүүрээс нь барьж аваад дүүгүүрдэж эрэг дээр гаргаж байсан гэдэг.
– Архангай аймгийн Тариат сумын харьяат арслан Ш.Төмөрбаатар жар гаруй насандаа Хөвсгөл аймгийн Зүрх сумын сургуулийн гал зууханд ажиллаж байхдаа Идэрийн голоос тэргээр мөс зөөдөг байжээ. Нэг удаа нутгийн таван залуу арслангийн бярыг үзэхээр мөс авч явахад нь туслахаар болж. Идэрийн голоос тэргэнд нь мөс ачилцаж өгөөд Төмөрбаатарыг тэргэнд нь оруулж голын чулуу элстэй эрэг өөд зүтгэхэд нь 5 залуу түрж өгөхөөр нэг хоёр гурваа гээд мань залуус эрэг руу нь өшиглөөд хойш татахад арслан эрэг өөд гул татан тэрэгтэй мөсийг 5 залуугийн хамт гаргаад олны олон гэсэндээ гаргалаа гэж ярьж байжээ.
– Завхан аймгийн Их уул сумын харьяат малчин Ц.Гомбо цэргийн албанд байхдаа 1960 онд улсын наадамд барилдаж начин цол хүртжээ. Дараа нь цэргээс халагдаж нутагтаа малчин болж тэрэг хөллөн түлээ ачиж яваад 10 литрийн бетоноос бүдүүн 20 гаруй ширхэг 2 метр урт мод ачиж явах гэтэл шар нь алдуураад явчихсан учир өөрөө тэргэнд орж зүтгэн 3 км орчим явж харьсан байна. Тэр үед бороо их орсон газар нойтон, төмөр дугуйтай тэрэг нь газар зүсэн явж байсан байна.
Эх сурвалж: hiub.mn