ХХААХҮЯ-аас “Баяжуулсан хүнсний үйлдвэрлэл – Эрүүл мэнд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. /2016.11.02/ Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох болон ЭМЯ, МХЕГ, ТББ-ийн холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Уулзалт хэлэлцүүлэгт “Баяжуулсан хүнс үйлдвэрлэл одоо ба цаашид”, “Хүн амын хоол тэжээлийн байдал ба хүнс баяжуулалт”, “Хүнс баяжуулалтын олон улсын туршлага, хууль эрхзүйн орчин”, “Хүүхдийн хоол тэжээлийн судалгаануудын дүн” зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдаж санал солилцож хэлэлцүүлэг явуулав.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Гантогтох “Энэ удаагийн хэлэлцүүлэгээр хүн амын хоол тэжээлийн судалгааны дүнд суурилсан арга хэмжээг хэрэгжүүлэх, баяжуулсан хүнсний үйлдвэрлэлийн нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, баяжуулсан хүнсний үйлдвэрлэлийг олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулах, баяжуулсан хүнсний хэрэглээний ач холбогдол, амин дэм, эрдэс бодисын дутагдалын талаар гарын авлага, мэдээлэл сурталчилгааг өргөн явуулах талаар санал солилцлоо. Мөн цаашид төр хувийн хэвшлийн байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой хамтран ажиллах талаар ярилцлаа. Манай улсын хувьд баяжуулсан хүнсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа туршалгууд бий. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар 1996-2010 онд НҮБ-ын Хүүхдийн сан, Японы ЖАЙКА, АХБ-ны техник, эдийн засгийн дэмжлэгтэйгээр “Иод дутлын эмгэгтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Энэ ажлын хүрээнд 1996 оноос эхлэн хүнсний давсыг иоджуулан хэрэглэж эхэлсэн ба үүний үр дүнд 2011 оны байдлаар нийт хүн амын 89.1 хувь нь иоджуулсан давс хэрэглэж заншсан байсан” гэдгийг онцоллоо.
ХХААХҮЯ