Ардчилсан намын отгон фракци “Нэг ардчилал”-ыг нэг л биш фракци хэмээн намынхан нь ч тэр, олон нийт ч тэр үздэг байв. Магадгүй тус фракцийг бүрдүүлэгч Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нарын нөхдүүдээс болж ийм дүгнэлт хийсэн байх.
Бусдын гар хөл бологч, элдэв ноцтой асуудалд холбогдогч “Нэг ардчилал” фракцийн удирдлагууд намын даргын суудлыг өөрийн талд авах тэмцэлтэй холбогдуулан нэр хүнд олохын тулд фракцаа тарааж буйгаа мэдэгдээд байгаа.
Ухаандаа, намаа шинэчилж шинэ залуу хүмүүсийг дэмжиж гаргаж ирэхийг уриалсан энэхүү алхам нь фракциудын хүч нөлөөнд автаж намын даргын суудлыг алдахгүй гэсэндээ хийсэн үйлдэл юм. АН-ын фракциуд дотроо хамгийн хүч султай нь “Нэг ардчилал”. Гэхдээ тэдэнд бусад фракцийг бодвол Ерөнхийлөгчийн дэмжлэг илүү их ирдэг, тиймдээ ч өдийг хүртэл оршин тогтносон.
“Нэг ардчилал”-аас АН-ын даргын өрсөлдөөнд Лу.Гантөмөр өрсөлдөж байгаа бөгөөд энэ өрсөлдөөний эцсийн дүн энэ сарын 16-нд гарах юм. Ирэх 16-ны өдөр АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал болох ба хурлаар намын даргаа сонгох юм. Тэгвэл АН-ын даргад хүч үзэж буй Лу.Гантөмөрийг олон нийт шинэ залуу улстөрч хэмээн харж байсан нь эндүүрэл байжээ. Учир нь, саяхны нэгэн үг, өгүүлбэрээрээ Лу.Гантөмөр өөрийгөө хэн бэ гэдгээ олон нийтэд таниуллаа.
Түүний хэлсэн үг түүнийг хэзээний “Бохир улстөрч” болохыг харуулсан бөгөөд Лу.Гантөмөрийн элдэвтэй нэгэн бичээст ихэд бухимдсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Энэ мэт хүнээс болгоомжил, АН !!!” хэмээх пост өөрийн фейсбүүк хуудастаа оруулжээ.
Тухайбал, “Монгол төрийн сайд, УИХ -ын гишүүн байсан Лу.Гантөмөр “Сайханбилэгийг би ойлгохгүй юм… Ардын намынхныг дуудахаар явж очиж байцаагдаад…” гэжээ. Ийм үгийг уншаад үнэхээр харамсав. Ч.Сайханбилэгийг Ардын намынхан биш Монгол улсын УИХ -ын бүтцийн байгууллага болох Байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд дуудсан. Монгол улсын төрийн эрхийг барих дээд байгууллага бол УИХ гэж Үндсэн хуулинд бий. Тийм болохоор хэнбугайг ч дуудсан “Төр дуудаж байна” гээд очих ёстой. “Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байсан хүн учраас үүргээ ухамсарлаж очсон. Монголын төр дуудахад Ардын намынхан дуудаж байна гэж бодож суугаа хүн төрийн сайдаар ажиллаж байсан гэхэд итгэж чадамгүй. Ардчилсан намынхан ийм дүнхүү хүнийг намын даргаараа тавьчих юм бол нам төрийн дээр гарна гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх нь дээ. АН-ынхаан, шинэчлэлийг бүрэн утгаар нь хийгээрэй. Гэхдээ бас энэ мэт хүнээс БОЛГООМЖИЛ” хэмээн бичжээ.
Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөр “Эрдэнэт” үйлдвэрийг ард түмнээс хулгайлсан АН-ын удирдлагууд болон Худалдаа хөгжлийн банк тойрсон хулгайчдыг өмөөрч, тэдэнтэй тэмцэж буй МАН-ыг төрийг эрх барьж буй бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дуудаж асуулт асуусныг байцаагдлаа, очих шаардлагагүй байсан гэх мэтээр ярьж амбицласан юм. Магадгүй Лу.Гантөмөрт өөрийн гэсэн ашиг сонирхол, Худалдаа хөгжлийн банкны ард нуугдсан дээд эзэн гэж байдаг байх. Гэхдээ ингэж эх орныхоо эсрэг, ард түмнийхээ эсрэг зогсч, Боловсролын сайд байсан хүн байж эмх замбараагүй байдалд уриалсан үг өгүүлбэр унагах ёсгүй.
Лу.Гантөмөрийн хувьд саяхны нэгэн ярилцлагадаа “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар байр сууриа илэрхийлж “Ард түмнийг бужигнуулахаа боль гэж л Ардын намынханд хэлмээр байна. Хэрэв үнэхээр хууль бус наймаа болсон юм бол түүнийгээ Кремльтэй очиж ярь л даа. Путинд гомдол гарга л даа. Оросууд нь хувиа заръя гэсэн. Монгол компани мөнгөө гаргаад авсан. Үнэхээр хэн нэгэн улстөрчдөд таалагдахгүй байгаа юм бол бараагаа зарсан эзэнтэй нь гомдол ярь. Би Сайханбилэгийг үнэхээр ойлгоогүй. Ардын намынхан дээр очоод байцаагдаад сууж л байдаг” хэмээн ярьсан бөгөөд нэгэнт хууль бус наймаа гэдэг нь тогтоогдчихоод буй “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг чадахгүйгээр нь ОХУ-той ярь гэх зэргээр Монгол төрийг даапаалсан, эх орноо дорд үзсэн юм.
Харин түүний энэ үгэнд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан харамсаж буйгаа илэрхийлж, энэ мэт хүнээс болгоомжлохыг АН-ынхан болон ард түмэнд анхааруулсан юм.
Төгс