Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Жан-Жак Де Дарделыг хүлээн авч уулзлаа./2016.11.03/ Уулзалтын эхэнд Сайд П.Сэргэлэн Монгол-Швейцари улсын хоорондын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж шинэ шатанд гаргахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хувьд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр Швейцарийн Холбооны Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсад амжилттай хэрэгжиж буй Монгол ногоо, Ногоон алт, мал аж ахуйн зэрэг хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцож бодит үр дүнд хүрэхэд Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлон тэмдэглэсэн.
Мөн Монгол Улсын үндэсний онцлог бүтээгдэхүүнүүд болох сүү, цагаан идээ, ноос ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад малын эрүүл мэндийн чухлыг дурдаад мал эмнэлэгийн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн идэвхитэй хамтран ажиллахаар тохиролцсон ба цаашлаад Монголын хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын мэргэжилтэн боловсон хүчин, фермерүүдийг Швейцарын Холбооны Улсад мэргэжил дээшлүүлэх дунд, богино хугацааны сургалтад хамруулах талаар дэлгэрэнгүй санал солилцов.
ХХААХҮЯ