НҮБ-ын ХХААБ-ын тусламжтайгаар хэрэгжүүлсэн “Загас, загасан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд цөөрмийн аж ахуйг Монголд хөгжүүлэх” техник туслалцааны төслийн хаалтын үйл ажиллагаа /2016.11.03/ ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Хаалтын үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, Ази номхон далайн бүс хариуцсан газрын Загасны аж ахуйн мэргэжилтэн Мияо Вэймэн, Олон улсын TDCD зөвлөх Янг Ниншэнг нарын төлөөлөгчид оролцлоо. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар хүн амынхаа хоол хүнсний нэр төрлийг олшруулах, ялангуяа загас, загасан бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг дэмжихийг хүнсний аюулгүй байдлын нэг зорилт болгон загасны аж ахуйг хөгжүүлэх төслийг НҮБ-ын ХХААБ-д санал болгосоноор төсөл хэрэгжиж эхэлсэн. 2014-2016 оны хооронд хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тохиолдож буй нийтлэг бэрхшээлийг даван туулах арга замыг олох, бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, хүн амын аюулгүй, шим тэжээллэг хүнсээр хүртээмжтэй хангах улс орнуудын нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан” гэдгийг онцлон хэллээ.
Төсөл хэрэгжиж эхэлснээр загасны аж ахуйн салбарт өрсөлдөхүйц чадварлаг, мэргэжилтэн бэлтгэх суурь нөхцөл сургалтын орчинг бий болгох, улмаар хичээлийн агуулга хөтөлбөрийн чанарыг дээшлүүлж заах арга зүйг боловсронгуй болгоход чиглэсэн загас үржүүлэгийн лаборатортой болсон, загасны аж ахуйн загвар болон технологийг эзэмшсэн, Хилэм загас өсгөх, технологи ажиллагааны туршлага хуримтлуулсан, загасны аж ахуй эрхлэх аж ахуй нэгж, хүмүүст онол практикийн мэдлэг олгох, улмаар энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагуудад анхан шатны арга зүй эзэмшүүлэн чадавхжуулсан зэрэг үр дүн гарсан байна.
Төслийн үр дүн зуун хувьд хүрээгүй ч тодорхой хэмжээний үр дүнг үзүүлэн хүмүүст хүрч суурийг нь бат бөх тавьсан гэж үзэж байгаагаа Ази Номхон далайн бүс хариуцсан газрын загасны аж ахуйн мэргэжилтэн Мияо Вэймэн энэ үеэр онцлон тэмдэглэж байв.
ХХААХҮЯ