Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.04/ хуралдаан 10 цаг 17 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Нямдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 92.9 хувийн саналаар дэмжин, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Дараа “Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” болон “Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, эдгээр тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч тооцооллын талаар зарим зүйлийг тодруулах шаардлагатай байгааг онцлов. Тухайлбал, шүүгч нарын цалинг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор 2003 оноос хойш цалингийн нэмэгдлийг хассан. Харин дээрх тогтоолын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон прокуроруудын үндсэн цалингийн хэмжээг нэмэгдүүлж байгаа. Үүн дээр цалингийн нэмэгдлээ тооцохоор дунджаар хэр хэмжээний цалин хөлс авахаар болж байгааг асуусан юм.
Прокурорууд онцгой нөхцөлийн, зэрэг дэвийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл авдаг ба энэ нь үндсэн цалийнгийн 68 хувьтай тэнцэх хэмжээтэй байдаг талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай танилцуулав.
Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүд нь хуулийн дагуу төрийн тусгай албан хаагчид бөгөөд онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон докторын зэргийн нэмэгдэл авдаг хэмээн Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг хариулт өглөө. Ийнхүү хэлэлцүүлгийн явцад хуралдаанд оролцсон гишүүдийн саналын дагуу прокурор болон Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалинг нэмэгдүүлсэн нь шүүгчдийн цалинтай харьцуулсан байдлаар нарийвчилсан тооцоо, харьцуулсан мэдээлэл гаргасны эцэст хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, тооцооллыг нэгтгэх хүртэл тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулав.
Үргэлжлүүлэн Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан холбоотойгоор уг асуудлаар санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Нямдорж, О.Батнасан, Ж.Батзандан Б.Дэлгэрсайхан нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ.
Ийнхүү Ажлын хэсэг байгуулах шалтгаан нь Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг дотоодын аж ахуйн нэгж худалдан авсантай холбоогүй, хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй хэд хэдэн хуулийг зөрчсөн үйл явцыг нь шалгах нь чухал гэдгийг гишүүд онцлон тэмдэглэж байв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Б.Дэлгэрсайхан нар Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдах Ажлын хэсгийн үйл ажиллагааны цар хүрээг тогтооход анхаарах нь чухал гэдгийг дурдаад, санал гаргалаа.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь дэмжин, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын ишүүн Ш.Раднаасэд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Нямдорж, Л.Энхболд нарын бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. Түүнчлэн тус Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аудитын газар, Монголбанк, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулах гишүүдийн саналыг дэмжсэнээр Хууль зүйн байнгын хорооны Пүрэв гарагийн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.