Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2016.11.04/ үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж “Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” болон “Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Байнгын хорооны үдээс өмнөх хуралдаанаар дээрх тогтоолын төслүүдтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг нараас Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж хариулт авсан юм.
Уг тогтоолуудын төсөлтэй холбоотой нэмэлт мэдээллийг байнгын хороодын гишүүдийн хүсэлтийн дагуу холбогдох мэргэжилтнүүд нэмэлт мэдээллийг боловсруулан үдээс хойших хуралдааны үеэр танилцууллаа. Ийнхүү санал хураалт явуулахад “Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүд 76.9 хувийн саналаар, “Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 92.3 хувийн саналаар дэмжсэн юм. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзсэн бөгөөд санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.