Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын сургагч багш нарын сургалт өнөөдөр /2016.11.07/ эхэллээ.
Нутгийн удирдлагын эрх зүйн орчин болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зохион байгуулалтын чадавхийг сайжруулах, сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан сургалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх байнгын механизм бий болгох зорилт бүхий уг төсөл 2017-2020 онд хэрэгжих юм.
Энэ оны зургадугаар сард болсон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль болон аравдугаар сард болсон сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнд 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7000 гаруй төлөөлөгч сонгогдоод байгаа. Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын сургагч багш нарыг бэлтгэх энэ удаагийн сургалтын нээлтэд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Ц.Цолмон оролцлоо.
Тэрбээр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, 2013 оноос хэрэгжүүлж буй энэхүү төслийн үр дүнд орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэн, төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизм бий болгож ажилласан. Тухайлбал, үндэсний түвшинд бэлтгэгдсэн 62 сургагч багш бүх шатны 361 ИТХ-ын 7000 гаруй төлөөлөгчид долоон сэдвээр чадавхжуулах сургалт явуулсан хэмээн тэмдэглэн хэлэв. Мөн орон нутгийн сонгуулийн үр дүнд аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлууд шинээр байгуулагдсан тул шинээр сонгогдсон төлөөлөгчдөд суурь сургалт явуулах шаардлага тулгараад байгааг онцолж байв. Иймд аймгуудын ИТХ-ын төлөөлөгч, ажлын албаны бүрэлдэхүүн болон нутгийн удирдлагын төрийн бус байгууллагуудаас 64 хүнийг шалгаруулан сургагч багшаар бэлтгэж буйг дурдаад, Монгол Улсын иргэдийн төлөөлөл болсон мянга мянган төлөөлөгчдийг чадавхжуулах чухал хариуцлага хүлээж байгаа сургагч багш нарыг идэвхтэй, амжилттай суралцахыг хүслээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын багийн ахлагч Ц.Даваадулам, 2013 оноос хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг бэхжүүлэх, төлөөлөгчдийг чадавхжуулах чиглэлээр үе шаттай сургалтууд явагдаж ирсэн талаар танилцууллаа. Үүний үр дүнд сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага, сургагч багш нарын сүлжээг бий болгосон байна. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төсөл болон “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн үргэлжлэл болох “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих аж.
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг”, “Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага”, “Байгаль хамгаалал, газрын харилцаа”, “Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь” зэрэг дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд явагдах Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт энэ сарын 7-11-ний өдрүүдэд үргэлжлэх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.