Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөлөлтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнөөдөр /2016.11.07/ Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

uulzalt-sarangerel-3

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл харааны бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг бодитоор шийдэх гарц, шийдэл олохын тулд энэхүү уулзалтыг хийж байгаагаа уламжлаад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяртай хамтран хараагүй иргэдийн үйлдвэрлэлийг дэмжих томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсноо дуулгасан юм. Мөн тэрбээр 2012 оноос хойш яригдаж буй харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 90 айлын орон сууцны санхүүжилт болох 850 сая төгрөгийг 2016 оны төсвийн тодотголд оруулж батлуулсан талаар хэллээ.

uulzalt-sarangerel-4

Улсын хэмжээнд нийт 116 гаруй мянган харааны бэрхшээлтэй иргэн байгаагаас тун цөөн нь Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын үндэсний төвд хөдөлмөр эрхэлдэг аж. Гэхдээ эдгээр иргэд төрөөс халамжийн үйлчилгээ авахыг хүсэхээс илүүтэй баялаг бүтээгчид болгох, багаас нь нийгэмд ажиллаж, амьдрах чадвартай иргэн болгох төлөвшүүлэх бодлого дутагдаж байна. Үүнийг цогцоор нь шийдвэрлэхэд дэд бүтэцийн асуудал болохыг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүд хэлсэн үгэндээ онцолж байв. Тухайлбал, хараагүй иргэдэд зориулсан зам талбайг сайжруулах, дуут гэрлэн дохиог гарц бүрт тавих, нийтийн тээврийн үйлчилгээнд чиглэл болон буух буудлын нэрийг зарладаг байх, брайль болон ярьдаг номын хүртээмжийг сайжруулах, элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албан хаагчийн шалгалтад ороход харааны бэрхшээлтэй хүнд зориулан тодорхой зохицуулалт хийх, хийсэн бүтээгдэхүүнийг нь зах зээлд борлуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа аж.

uulzalt-sarangerel-1

Дээрх бүх асуудалд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл анхаарал хандуулж, шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрт тусгаж ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …