Өнгөрсөн сонгуулиар УИХ болон Нийслэлийн ИТХ-д МАН үнэмлэхүй суудал авсан. Хармсалтай нь МАН-ынхан үнэмлэхүй суудал авсан даруйдаа “бялуундаа пологдсон” хүүхэд шиг загнаж эхлэсэн. Тэд өөрийн намын олон мянган гишүүн, үйл ажиллагааг нь ил далд сурталчилж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, дэмжигч энгийн иргэд рүү Сонгуульд ялсан даруйдаа “ус цацаж” эхлэсэн гэхэд нэг их хилсдэхгүй биз.
Эрийн сайндаа сонгуульд ялсан мэт авирлах МАН-ын араншин хирээс хэтэрч, Засгийн газар байгуулсан даруйдаа сайдууд нь сонгуульд амласан мөрийн хөтөлбөрийнхээ эсрэг зүйлийг ярьж олны дургүйцлийг төрүүлсэн. Ам амандаа дуугарах сайдуудын хэлсэн үг, эмх замбараагүй явуулах үйл ажиллагаа, бодлого зохион байгуулалтгүй шийдвэрүүд нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар ямарч зохион байгуулалт, пиар, хэвлэлийн бодлогогүй явж байгааг олон нийтэд бэлхнээ харуулсан.
Тэгсээр орон нутгийн сонгуулийн өмнө нэг талаас жирийн гишүүдийнхээ шахалт шаардлага, нөгөө талаас ялсан бялууны “хордлого” гарч сая нэг юм зөв зүйтэй, бодлого зарчимтай дуугарах болсон.
Гэвч МАН-ын удирдлагуудын гаргасан шийдвэр, албан тушаалын томилгоо олны дургүйцлийг төрүүлсэн хэвээр байна.
Үнэндээ МАН-ын төлөө нэгэн амьдралынхаа 20-30 жилийг зориулж, хоёргүй сэтгэлээр зүтгэсэн намын жирийн гишүүд Хороон даргаас хэтрэхгүй байхад дарга даамлуудтай ойр, бэл бэнчин, мөнгө хөрөнгөтэй, энд тэнд өлөн гэтэх чоно мэт олз ашиг эрж явдаг урваач шарваач “нөхдүүд” намаас нам дамжин, мөнгө төгрөгөөр албан тушаал худалдан авах явдал байсаар байна. Үүнтэй холбоотой баримтуудыг жишээ болгон дурьдая.
УИХ-ын гишүүдээс А.Сүхбат, Б.Дэлгэрсайхан, О.Батнасан, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын нэрийг энд дурьдаж болно. Эдгээр гишүүд улс төрд “Кораллио” буюу “хэлгүйчүүдийн орон тоо”-г нэмсэн гэж болж болох. Ярих хэлэх бүрдээ бусдыгаа инээлгэж, онигоонд орох нь эгээтэй л хэлд орж байгаа хүүхэд мэт.
А.Сүхбат аваргын хувьд анх улс төрийн гараагаа АН-аас эхлэж, АН-д сүр дуулиантайхан гишүүнээр элсэн орж, АН-ын үйл ажиллагааг дэмждэг гэдгээ нийтэд зарлаж байсан нэгэн. Гэвч түүний үзэл бодол Сонгуулийн өмнө 180 градус эргэж, МАН-д элсэн орж, тус намын квотод багтаж УИХ-ын сонгуульд орж, гишүүн болсон. албан тушаал, эрх мэдлийн төлөө үзэл бодол, итгэл үнэмшил гэх зүйлгүй хүмүүсийн нэг бол яахын аргагүй А.Сүхбат гишүүн мөн.
Удаах гишүүн бол “Дорнын говь” өөрийн байгуулсан компаниараар овоглуулсан Б.Дэлгэрсайхан. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Жеко Х.Баттулгатай ойр явсан, АН-ын гишүүн асан бөгөөд Жүдо бөхийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Женко Х.Батттулгатай хамтран Концессийн гэрээгээр төмөр зам барих “алдарт” ажилд гар бие оролцож байсан нэгэн юм. Мань эрийн хувьд өнгөрөгч сонгуулиар Дорноговь аймгаас УИХ-д АН-аас нэр дэвшихээр төлөвлөн хандив сэлтээ өгсөн байсан ч харамсалтай нь АН-ын дарга З.Энхболд түүний орсон АН-ын гишүүн сайд асан А.Гансүхийн нэрийг дэвшүүлэхээр болж, АН-аас Дорноговь аймагт түүнд нэр дэвших виза өгөөгүйн улмаас МАН-д элсэн орсон байдаг. Ингэхдээ МАН-ын дарга, Монголын Уяачдын холбооны тэргүүн М.Энхболдод хандан Уяачдын холбоонд хандив өргөснөөр МАН-аас УИХ-д Дорноговь аймагт нэр дэвших “эрхээ” олж авснаар УИХ-ын гишүүн болсон гэдэг. Б.Дэлгэрсайханы хувьд АН, МАН гэдэг бол зүгээр л албан тушаалд очих гүүр шат бололтой. Түүнээс намын үнэт зүйл, итгэл үнэмшлийн тухай асуугаад ч хэрэггүй биз.
Дараагийнхүн бол Ховд нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Батнасан. О.Батнасан гишүүн 2012 онд Ховд аймгийн АН-ын даргад өрсөлдөж байгаад нэрээ татсан гэдэг. Тэрбээр 2014 оны 9 сард МАН-д гишүүнээр элссэн бөгөөд хоёрхон жилийн дотор “кран”-аар татагдан УИХ-д нэр дэвших хүртлээ өссөн хүн. Орос чихрийн наймаачин түүнийг улс орон даяар байтугай МАН дотроо хэн ч танихгүй атал нэгэн гэнэтхэн УИХ-ын гишүүн болсныг сонссоод олон хүн гайхаж байсан гэдэг. Ийм хүний хувьд намын үзэл бодол, итгэл ярих нь илүүц биз.
МАХН-ын нэрийн өмнөөс УИХ-ын гишүүнээр сонгогдон, цагтаа төрийнсайд хийж явсан ч гэнэтхэн Сонгуулийн өмнө Н.Энхбаярын үүсгэн байгуулсан МАХН-ыг орхиж, эргээд МАН-д нэгдсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар бол угаасаа “урвагчдын арми”-ийнхан. Тэдний тухай хэвлэл мэдээллээр хангалттай бичигдсэн учир ингэсгээд орхиё.
МАН-ын томилгоо нүдээ олоогүй, эрх мэдлийн төлөө эрх баригч намд “дагаар” ордог албан тушаалтнуудын тоо үүгээр дуусахгүй нь харамсалтай.
2012-2016 онд АН засаг барьж байх үед Уул уурхайн яамны газрын даргаар ажиллаж байсан, АН-ын Шонхор фракцийн гишүүн асан Б.Баатарцогт гэх эрхэм МАН-ын үед албан тушаал хашсаар байгаа ажээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар мань эр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН олонхи болсонтой холбогдуулан намд хандив өгч одоо Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байгаа гэнэ. Эрх мэдэл албан тушаалын төлөө өнө удаан зүтгэсэн АН-аасаа “урваж” байгаа ийм хүмүүс, МАН-аас ч гэсэн хэзээ нэгэн цагт урваж чадна гэдгийг МАН-ын удирдлагууд анзаарах сөхөө байна уу.
Монголын төмөр зам гэж их айл байх. Түүнийг удирдаж байгаа Л.Пүрэвбаатар дарга мөн л ажил, албан тушаалтайгаа үлдэхийн тулд АН-аасаа “урваж”, МАН-ын гишүүнээр элсэж байгаа гэнэ. Түүнийг Монголын төмөр замын даргаар ажиллахдаа хамгийн их тансагласан дарга нарын нэг гэдэг. Тэрбээр албаны мөнгөнөөс өөртөө 600 мянган төгрөгөөр гутал, 1.8 сая төгрөгөөр хүрэм худалдан авсан гэх мэдээлэл бий. 600 мянгөн төгрөгийн гутлынхаа тухай тэрээр тайланд тусгахдаа албан ажилдаа өмсөх гутал хэмээн “онигоонд” орж байсан нэгэн.
Энэ мэт эрх мэдэл, албан тушаалын төлөө хувийн үзэл бодол, итгэл үнэмшлээ уландаа гишгэсэн урвагчдын тухай яриад байвал урт түүх хөвөрнө.
МАН бол улс төрийн арвин түүх, боловсон хүчний өндөр чадамжитай нам. Гэсэн атлаа дээрх мэдээлэлд өгүүлсэнчлэн мөнгө хөрөнгөөр албан тушаал авахыг санаархагчид, дарга сайд нарын ойрын хүрээнийхэнд “найр тавин” албан тушаал өгч, эгэл жирийн, эрдэм чадвартай гишүүдээ ад үзэж, тэдэнд боломж олгохгүй байгаа нь, мөн мэргэжлийн бус сайд нараас бүрдсэн Засгийн газрын чадварлаг бус шийдвэрүүд нь энэ нам 2020 оны сонгуулиар олон нийтийн дэмжлэгийг авч чадахгүйд хүрч болох нөхцлийг одооноос үүсгээд эхлэлээ.
МАН-ын Удирдах зөвлөл, удирдлагууд эрүүл саруул ухаанаар эл асуудалд анхаарлаа хандуулан ажиллана буй заа.
Ц.Мөнх