УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны эхэнд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “2017-2019 онд инфляцийг 8 хувьд барих” зорилтыг 6 болгож бууруулах санал гаргасан. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Монголбанк болон ОУВС-ийн төсөөллөөр 2018 оны эхээр инфляци 7 орчим хувьд хүрэхээр байгаа. Тэгэхээр инфляцийн зорилтыг 6 хувь болгож бууруулж байгаа бол Монголбанк ирэх оны сүүлээр бодлогын хүүгээ өсгөх болж таарна” гэлээ. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж дууссаны дараа УИХ-ын гишүүн Б.Жавхлан горимын санал гаргасан юм. Тэрээр инфляцийн зорилтыг 6 хувиар хязгаарлах тухай санал нь эдийн засгийн идэвхжлээ хязгаарлах, Төв банкны бодлогын орон зайг хумьсан шийдвэр болж байгаа тул уг санал хураалтыг хүчингүй болгох талаар санал гаргалаа. Гэсэн ч байнгын хороонд оролцсон гишүүдийн олонхи нь горимын саналыг дэмжсэнгүй.
Хэрвээ байнгын хорооны саналыг УИХ-аар дэмжвэл Монголбанк Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд 2017-2019 онд 6 хувиас хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээх юм. Монголбанк ирэх онд баримтлах мөнгөний бодлогын төсөлдөө хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн түвшинг 2017-2019 онд 8 хувиас ихгүй түвшинд барина хэмээн тусгасан.
Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед мөнгөний бодлогоор эдийн засгийн идэвхжлийг дэмжих орон зайг нэмэгдүүлэх зорилготой хэмээн тайлбарлаж буй. Тийм учраас инфляцийн зорилтыг 6 хувь болгож бууруулсан нь эдийн засгийн идэвхжлийг дэмжих орон зайг хязгаарласан шийдвэр болж байна. Өөрөөр хэлбэл, инфляци 6-аас дээш хувь руу гарсан тохиолдолд Монголбанк бодлогын хүүгээ өсгөхөөс өөр аргагүй болно.