УИХ-ын чуулганы хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжлээ

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 05 минутад гишүүдийн 53.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Чинзоригийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

chuulgan3

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар танилцууллаа.

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг илтгэлдээ нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн эмэгтэй 55 нас хүрээд, хэрэв 4-өөс дээш хүүхэдтэй бол 50 нас хүрээд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг. Статистикийн тоо баримтаас үзвэл жилд 80 орчим мянган эх төрж, 90 гаруй мянган эх хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тэтгэвэр ижил цалин хөлснөөс ердийн нөхцөлөөр тогтоолгосон эхчүүдийн тэтгэврээс 10-15 хувиар доогуур байна гэдгийг онцолж байлаа.

Эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалд даатгуулсан хэлбэрээс хамааруулан ялгаатай олгож байгаа нь ижил тохиолдлоор орлого олох боломжгүй болсон нөхцөлд сайн дураар даатгуулсан эхчүүд бага тэтгэмж авч эрх ашиг нь зөрчигдөж байгааг тэрбээр танилцуулгадаа дурдав.

Түүнчлэн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт 300,0 гаруй мянган малчин ажиллаж, энэ нь нийт ажиллагсдын 30 шахам хувийг эзэлж байгаа аж. Эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар эрт буурах, хүнд өвчин тусах, наснаасаа эрт өтлөх, харьцангуй эрт нас барах тохиолдол малчдын дунд түгээмэл байгаа юм байна.

Иймд эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм байна.

Уг хуулийн төсөл нь МАН -ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ”, “Хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлнэ”,“Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцно”, “Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулна” гэж заасантай болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй бүрэн нийцэж байгааг УИХ-ын гишүүн С.Чинзориг онцолж байлаа.

chuulgan6

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Х.Баделхан, Д.Мурат, М.Билэгт, Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар асууж, саналаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүдийн олонхи нь уг хуулийн төсөл малчдаа дэмжих, тэдний ажлын хүнд нөхцөлийг тооцоолж, залуучуудын мал аж ахуй эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэхэд чухал алхам болж байгааг онцлохын зэрэгцээ, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулахад ямархуу тооцоо судлагаа хийсэн болон, хуулийн төсөл батлагдвал хэчнээн хүн тэтгэвэрт гарч, Нийгмийн даатгалын санд хэдэн төгрөг төвлөрүүлэх талаар илүүтэй тодруулж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулахад тооцоо судлагаа хийсэн эсэх мөн хуулийн хугацааны хэрэгжилтийн талаар тодруулж байсан бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөхөд хуулийн ямар зохицуулалт байгааг сонирхож байв.

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг хуулийн төсөлд хэрэгжих хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс гэж тусгасан ч Засгийн газар зарчмын хувьд дэмжиж байгаа ч хугацааг хойшлуулах санал тавьсан. Засгийн газрын саналыг хүндэтгээд хуулийн хэрэгжих хугацааг 2018 он болгосон. Нийт ажиллагсдын 30 шахам хувийг малчид эзэлж байгаа ч нийгмийн даатгалын байгууллагын тоо мэдээнээс үзвэл малчдын 10 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байдаг. Энэ жилийн хувьд 1800 малчин тэтгэвэрт гарна. Хэрэв тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулбал 2018 онд 19000 малчин тэтгэвэр авах боломж бүрдэх юм. Ингэснээр 280 тэрбум төгрөг Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт орно. Улсын төсөв болон, нийгмийн даатгалын санд ачаалал бага үүснэ гэж бодож байна. Харин ажил, хөдөлмөр эрхлээгүй хүүхдээ асрах хугацаандаа нийгмийн даатгал төлөөгүй эхчүүдийн хувьд сайн дураар даатгалд хамрагдвал 50 хувийг нь төр дааж, 50 хувийг нь өөрөө төлөхөөр тусгасан гэж хариулж байлаа.

chuulgan1

Хуулийн төслийг дэмжсэн дэмжээгүй байр сууриа УИХ-ын гишүүн Н.Энхболд, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, Н.Амарзаяа, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн энэ хууль батлагдвал мал аж ахуйн салбарт ажиллагсдын тоо, хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэх чухал ач холбогдолтой гэж байсан бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва зарчмын хувьд хуулийн төслийг дэмжиж байгаа ч малчдын хөдөлмөрийг хөнгөлөх, сайжруулах, жилийн дөрвөн улиралд жигд орлоготой болгох, эрчимжсэн мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй хэмээн саналаа хэлж байв.

Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи  хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн учир Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэв

Үүний дараа Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар танилцуулав.

uih-9

Энэ хуулийн төсөл нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн байдал нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг илтгэлдээ манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт 300,0 гаруй мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа, үйлчилгээ зэрэг эдийн засгийн томоохон салбаруудад 240.0 гаруй мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь нийт ажиллагсдын 47,5 хувийг эзэлж байна. Үндэсний статистикийн болон нийгмийн даатгалын байгууллагын тоо мэдээнээс үзвэл малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан төлөвтэй байна. Иймд Монгол Улсын эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд томоохон хувь нэмэр оруулж байгаа эдгээр салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг онцолж байлаа.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл уг хуулийн үйлчлэлд 491.6 мянган хүн хамрагдах бөгөөд нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 189.0 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байв.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Баделхан, О.Батнасан, Н.Амарзаяа нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхөд хэдэн төгрөг төлөх, хуулийн төсөлд бүрдүүлэх материал дээр мал тооллогын баримт авчирна гэдэг нь хэр оновчтой шалгуур болохыг, гэр бүлийн хоёр малчин байвал энэ хуулийн төсөлд хэрхэн хамрагдахыг илүүтэй тодрууллаа.

chuulgan4

УИХ-ын гишүүн С.Чинзориг 2000 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлээ 10 жилээр нөхөн төлүүлэхэд 800 мянган төгрөг болох тооцоо бий. Гэхдээ үүнийг Засгийн газар журмаараа зохицуулна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас гаргасан журмын дагуу 800 мянган төгрөгийг хэдэн жилийн хугацаанд төлөхийг гэрээ хийгээд зохицуулах байх. Харин нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхөд шаардлага хангаж байвал эхнэр нөхөр хоёулаа хамрагдах боломжтой. Мөн хуулийн төсөлд нийгмийн даатгал төлөх шимтгэлээ нөхөн төлүүлэхдээ бүрдүүлэх баримт, материалын тухайд хэлэлцүүлгийн явцад засч, өөрчилж болно гэж хариулсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Г.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг нар хуулийн төслийн талаар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрөө төлж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх нь малчдын хэрэг хэдий ч Засгийн газрын зүгээс холбогдох журмыг хурдан гаргаж, малчдад төлбөрөө олох хугацааг олгох, тэдний орлого олох боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг сануулсан бол УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уг хуулийн төслийн хамрах хугацааг 2000 оноос хойш гэж тооцох, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхөд малчдын боловсролын түвшингийн заалтыг хасах саналтай байгаагаа илэрхийлж байв.

Хуралдааны төгсгөлд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.2 хувь нь дэмжсэн учир Нийгмийн бодлого,боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …