УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Ахмад настны тухай” болон ”Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай” хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, “УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барив.
Хуулийн төслүүдийг ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, алдар цолтой ахмад настнуудад чиглэсэн тус тусдаа хуулиар зохицуулж байсан ижил төрлийн тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилгоор санаачлан боловсруулжээ.
Түүнчлэн “Ахмад настны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 65-аас дээш настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээ, зохицуулалтыг тусгасан байна.
“УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөлд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрын төлөөллийг өөрчлөх асуудлыг тусгажээ.
ТАНИЛЦУУЛГА
Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад
настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай
хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн тухай
Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсч байна. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151,2 мянга байсан бол 2013 онд 170,3 мянган болж нэмэгдсэн байна. Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 2 дахин нэмэгдэх төлөвтэй байна.
Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч насжилтад бэлтгэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн үлдээх, өөрсдөө нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ахмад настны тухай хуулийн төслийг боловсруулав.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэж тусгасан. Иймд энэ хуулийн төсөлд 65 ба түүнээс дээш насны ахмад настанд жилд 2 удаа 50.0 мянгаас 250.0 мянган төгрөгийн насны хишгийг олгохоор тооцсон бөгөөд энэ арга хэмжээнд зориулан 20.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуулийн төсөлд тусгалаа.
Ахмад настны тухай хуулийн төсөл нь ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд 4 бүлэг, 17 зүйлтэй.
Энэ хуулийн хүрээнд ахмад настанд лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх болон явуулын үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн хэрэгцээт дэмжлэг туслалцаа, үйлчилгээний талаарх мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр хүргэх гэх мэт шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор тусгалаа.
Ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг ихэвчлэн тэдний хэрэгцээ, хүсэл санаачилгад тулгуурлан үзүүлэхээр хуулийн төсөлд тусгаж, дэмжлэг үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлсэн нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас давуу талтай болсон.
Хуулийн төсөлтэй уялдан нийгмийн халамжийн санд нийт 20.4 тэрбум төгрөг нэмж шаардагдах юм Харин ахмад настны эрүүл мэндийг сайжруулах, хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих арга хэмжээ нь холбогдох бусад хуулиудтай уялдаж байгаа тул төсөвт нэмэлт дарамт учруулахгүйгээр тухайн сангуудаас санхүүжин хэрэгжих юм.
Түүнчлэн Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаатай холбогдуулан одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиас алдар цолтой ахмад настанд үзүүлэх мөнгөн тусламж, хөнгөлөлттэй холбоотой зохицуулалтуудыг Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд тусгах шаардлага гарч байна.
Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулиар улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн төрөөс сар бүр нэмэгдэл олгодог билээ.
Иймд алдар цолтой ахмад настнуудад чиглэсэн тус тусдаа хуулиар зохицуулж байсан ижил төрлийн тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилгоор Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулав.
Хуулийн төсөлд шинэ зохицуулалт нэмэгдээгүй тул хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсөвт нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой юм.
Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар ахмад настны амьдралын туршлага, мэдлэг, ур чадварыг нийгмийн баялагт тооцож, тэднийг халамжлахын зэрэгцээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж, баялаг бүтээгч байлгах нь улс орны хөгжилд төдийгүй ахмад настны амьжиргаа, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх болно.
Дээрх хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон болно.
Т А Н И Л Ц У У Л Г А
УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д ”Улсын Их Хурал нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох…” гэж хуульчилсан болно. Үүний дагуу Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталсан.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь даатгуулагчийн эрх ашгийг хөндсөн, цаг үеийн олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө, зарлагын гүйцэтгэл, сангийн батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг хүлээдэг.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрын төлөөллийг өөрчлөх шаардлагатай байна.
Нийгмийн даатгалын бодлогын чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэдэд даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, даатгуулагчийг дээдэлсэн даатгалын шинэ тогтолцоог бүрдүүлж ажиллах үүднээс Засгийн газрын гишүүн болон Үндэсний зөвлөлийн ажлын уялдааг хангахын тулд Үндэсний зөвлөлийн дарга нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Засгийн газрыг төлөөлсөн бусад гишүүдээр Сангийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар ажиллахаар төсөлд тусгав.
Тогтоолын төслийг Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн болно гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.