Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан /2016.11.15/ боллоо. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Г.Мөнхцэцэг нарын гишүүд болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Хуралдаанаар “Нийслэл хол болон томоохон суурин газрын агаарын бохирдлын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны мэдээлэл мөн Агаарын бохирдол бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний танилцуулга гэсэн хоёр асуудлаар хуралдав.
Эхний асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулаад “Агаарын бохирдлын тулгамдсан асуудлууд, хэрэгжүүлэх арга хэмжээ” Байгаль орчин, аялал жуулчлалын сайд илтгэл тавилаа.
Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой тавин хотоос дөчин долоодугаарт эрэмбэлэгдсэн нь харамсалтай тоо баримт. Иймээс холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж “Цэвэр агаар сан”-г сэргээх, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог шинэчлэн байгуулж, агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж Д.Оюунхорол сайд онцлов.
Үүний дараа Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан илтгэв тавилаа.
Нийслэл хотын удирдлагууд агаарын бохирдлыг бие дааж шийдвэрлэх нөөц бололцоо байхгүй. Тиймээс тодорхой саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Бидний зүгээс Агаарын бохирдлыг бууруулах сантай болохыг хүссэн. Өмнөх сангуудаас ямар ялгаатайг товч тайлбарлавал байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хоргүй технологи хэрэглэж буй айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой санг санаачилсан гэж Ж.Батбаясгалан онцлов.
Түүнчлэн “Гэр хорооллын сургууль орчмын барилгуудыг дулаалах, дулаан хангамжийн нэгдсэн системд шилжүүлж, нүүрс зарцуулалтыг багасгах тухай”, “Гэр хорооллын айл өрхийн дулаан хангамжийг цахилгаан халаагуураар шийдвэрлэхтэй холбоотойгоор цахилгаан дамжуулах шугамын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, өргөтгөх тухай”, “Уурын болон усан халаалтын зуух ашиглалтаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдалд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар” гэсэн сэдвээр холбогдох албаны хүмүүс илтгэл тавилаа.
Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнүүдтэй гишүүд, холбогдох албан тушаалтнууд танилцсан.
Дараа нь УИХ-ын гишүүн А.Сүхбат, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, холбогдох байгууллагуудын төлөөллөөс тайлбар авлаа.
УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Батзориг гишүүдийн гаргасан санал, зөвлөмжийг Ерөнхий сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлнэ гэлээ. Гэр хорооллыг орон сууцжуулах, Агаарын бохирдлыг бууруулах санг дахин сэргээх, нийтийн тээврийн тогтолцоог сайжруулах асуудалд холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг гишүүд сануулав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.