“Оношлох эрдэм–дэвшилт арга” онол үйлдвэрлэлийн X бага хурал /2016.11.14/ Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторид зохион байгуулагдав. Монгол Улсын мал эмнэлгийн салбарын үүрэг, зорилтыг хэрэгжүүлэгч үндсэн байгууллагын нэг болох Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн санаачлагчаар 2007 оноос эхлэн “Оношлох эрдэм-дэвшилт арга” онол үйлдвэрлэлийн хурлыг жил бүр тогтмол зохион байгуулж байна.
Хурлаар мал, амьтны өвчний өнөөгийн байдал, оношлогоо, тандалтын үр дүн, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр хийгдэж байгаа шинжилгээ, судалгааны ажлын бодит үр дүнг хэлэлцлээ. Мөн мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх, эрүүлийг батлах шинжилгээний ажлууд, түүний ололт амжилт, шинжлэх ухааны суурь судалгаа, оношлогоо, шинжилгээний сүүлийн үеийн аргууд, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.
Мөн оношлогоо, тандалт, эрдэм судлалын ажлын бодит үр дүн, нэвтрүүлсэн технологийн дэвшилээс өргөн олонд толилуулдаг бүтээлээ 10 дахь удаагаа гаргасан байна. Өмнө хэвлэгдэн гарсан есөн бүтээлд дотоод, гадаадын 94 байгууллагын 140 гаруй судлаач бүтээлээ нийтлүүлсэн. Мал эмнэлгийн бүх шатны лабораторийн ажилчдын өдөр тутмын ажилдаа ашигладаг гарын авлага, ширээний ном, төв, орон нутгийн малын эмч, мэргэжилтэн, судлагч, бодлого боловсруулагчдын сонирхон судалж санаа авч ухаанаа тэлдэг нарийн мэргэжлийн лавлах бичиг болсон юм.
ХХААХҮЯ