“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар өнөөдөр Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсныг эсэргүүцэж буйгаа мэдэгдэв.
Тус намын зүгээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлдээ, “Монгол Улсын төсвийн 40 хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийг МАНАН бүлэг хувьчилсныг Тусгаар тогтнол нам эсэргүүцэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-д хувьчлал болоогүй худалдан авалт болсон бөгөөд гадны улсад байсан хувь Монголын ААН-д ирсэн гэж мэдэдсэн. Тухайн 49 хувь хувийн өмчид шилжсэн л бол бид хувьчлал гэж ярих эрхтэй. Хэрэв Монголын болон Оросын талын аль нь ч хувьчлал явуулаагүй худалдан авалт хийсэн юм бол “Эрдэнэт” үйлдвэр яагаад ганцхан байгууллагын хувийн өмч болов гэдгийг Ерөнхийлөгч тайлбарлах ёстой. Үүнийг бид луйвар дээрмийн гэмт хэрэг гэж үзэж байна. “Эрдэнэт” үйлдвэрийг эх үүсвэр нь үл мэдэгдэх гадны мөнгөөр худалдаж авсан байна. Энэ хууль бус үйлдэлтэй холбогдуулан Ерөнхийлөгч огцрох хангалттай үндэслэл бий” хэмээн дурджээ.
Тиймээс ТТЭН-ийн намаас “Эрдэнэт үйлдвэр”-т үүссэн асуудлыг УИХ-аар ил тод, нухацтай хэлэлцэх шаардлагыг тавьж байгаа юм байна. Мөн 100 хувь төрийн мэдэлд авч, хувьцаат компани болгох, иргэдэд хувьцааг тарааж өгөх саналыг ч гаргажээ.
Түүнчлэн тус намын гишүүд “Эрдэнэт”-ийн асуудлаар бусад нам эвслийг дуу хоолойгоо нэгтгэн тэмцэхийг уриаллаа.