Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр /2016.11.17/ хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэлийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Хэвлэлийн бага хуралд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар оролцов.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны есдүгээр сарын 02-ны өдөр 14 тоот захирамж гаргаж, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоор ахлуулан байгуулсан. Мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулжээ.
Ойд зориулсан арга хэмжээний бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй мэдээлэл Ажлын хэсгийн ахлагч П.Цэрэн хийлээ.
Тэрбээр, “Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комисс, Ажлын хэсгээс ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг баталсан.
Иргэд олон нийтэд зориулан Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлын талаар өргөн хүрээтэй арга хэмжээ зохион байгуулж, Үндсэн хуулийг батлахад оролцсон АИХ-ын депутатуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгүүлэх, нэвтрүүлэг бэлтгэж түгээх ажлын хуваарь гарган ажиллаж байна.
Үндсэн хууль батлахад олон бичиг баримт үйлдсэн байдаг. Үүний дагуу АИХ-аас 1990-1992 онд батлан гаргасан хууль, тогтоол, захирамж болон илтгэлүүдээр баримт бичгийн эмхэтгэл, “БНМАУ-ын АИХ ба Үндсэн хууль” гэсэн гэрэл зургийн цомог хэвлүүлэхээр бэлтгэж байна.
Үндсэн хуулийг батлахдаа АИХ 63 өдөр хуралдсан байдаг. Тэдгээр өдрүүдийн тэмдэглэлээр цахим эх бэлтгэж байна. Одоогийн байдлаар 11400 хуудас материалыг цахим хэлбэрт оруулан эмхэтгэх ажил хийгээд байгаа. Мөн ойн арга хэмжээний хүрээнд Олон улсын Үндсэн хуулийн байгууллагад элсэн орох бэлтгэл ажлыг хангаж байна.
Түүнчлэн энэ оны арванхоёрдугаар сарын 20-нд “Үндсэн хууль 25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийхээр бэлтгэл, зохион байгуулалтыг хангалаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.