Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилох тухай асуудал хэлэлцэж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав.
Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр УИХ-аас Жамсрангийн Бямбадоржийг улируулан томилуулах саналыг хэлэлцээд дэмжсэн байна.
Нэр дэвшигч Ж.Бямбадорж нь Москва хотын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор цолтой. 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, 2004-2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, 2010-2016 онд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд нар нэртэй хуульч, туршлагатай улстөрчийнх нь хувьд нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хүний эрхийн асуудал чухлаар тавигдаж буй өнөө үед комиссын үүрэг, хариуцлага өмнөхөөсөө ч илүү хариуцлагатай болж байгаад дүгнэлт хийж идэвхитэй ажиллахыг захилаа.
Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 96 хувь нь дэмжсэн тул энэ талаархи УИХ-ын тогтоолыг батлагдсанд тооцохоор болов.
Хуралдааны төгсгөлд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр улиран томилогдсон Ж.Бямбадорж төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаас итгэл хүлээлгэж төрийн өндөр хариуцлагатай албанд дахин томилсонд талархал илэрхийлээд хуулиар хүлээсэн үүргээ урьдын адил үнэнч шударгаар гүйцэтгэхээ илэрхийлэв.