Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын дарга М.Энхболд энэ талаар танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дуусгавар болж буйтай холбогдуулан Доржийн Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа УИХ-ын дарга танилцуулсан юм.
Нэр дэвшигч Д.Одбаяр нь хууль зүйн өндөр боловсрол, мэдлэг, туршлагатай хуульч төдийгүй улстөрч, нийгмийн зүтгэлтэн, хуульд заасан болзол, шалгуурыг бүрэн хангаж байгаа гэдгийг УИХ-ын дарга танилцуулгадаа дурдав.
Нэр дэвшигч Д.Одбаяр нь 1967 онд Дорнод аймагт төрсөн, 49 настай, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль, 1997 онд Энэтхэгийн эрх зүйн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. 1987-1992 онд Дорнод аймгийн Пионерийн зөвлөл, ХЗЭ-ийн хороонд зааварлагч, зохион байгуулагч, МХЗЭ-ийн Гүйцэтгэх хороонд Тэргүүлэгч гишүүн, Монголын залуучуудын холбоонд Хяналтын зөвлөлийн дарга, 1997-1998 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч, 1998-2000 онд Хууль зүйн яаманд Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2000-2004 онд Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байжээ.
Улмаар 2004-2008, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2004-2006, 2010-2012 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан байна. Харин 2013 оноос “Альтернатив энерги” ХХК-д зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж санал нэгтэйгээр дэмжсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганболд танилцуулсан юм.
УИХ-ын даргын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, О.Баасанхүү, Л.Оюун-Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа хэлээд төрийн хүний хувьд ноён нуруутай, ёс жудагтай, зарчимтай ажиллах, сүүлийн жилүүдэд цэц нь улстөржсөн байгууллага болоод байгааг засч цэц нь Үндсэн хуулийн шүүхийн үүргээ улстөрөөс хамааралгүй хэрэгжүүлдэг байхад анхаарах зэргийг захиж байлаа.
Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 48 нь буюу 96 хувь нь дэмжсэн тул энэ талаархи УИХ-ын тогтоолыг батлагдсанд тооцов. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул П.Очирбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэг ажлаас чөлөөлөх санал хураалгахад гишүүдийн 86.4 хувь нь дэмжлээ.