Баян-Өлгий аймгийн Булган суманд өвөлжилт хүндэрч малчид оторлохоор болов

1479883550_7-1-702x336

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2016 оны №03 тушаалаар өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан Шуурхай бүлэг 2016 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Булган сум, Өлгий хотод  ажиллав.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн 13 сумаас Булган суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн, Сагсай сум хүндэвтэр, бусад суманд өвөлжилт хэвийн байна.
Булган сум нь Баян-Өлгий аймгийн төвөөс урагш 320 км газарт далайн төвшнөөс дээш 1930  метрийн өндөрлөгт Алтайн өвөр хязгаарт оршдог.
Энэ жил тус суманд нийт 730 гаруй өрхийн 150,613 толгой мал өвөлжиж байна. Агаарт өдөртөө -24-30 хэм, шөнөдөө -30-35 хэм хүйтэн байна.
2-4

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, цасны зузаан тал газраа 25-30 см, уулархаг хэсэг, гуу жалгандаа 40-80 см-т хүрч мал бэлчээрлэх боломжгүй болсон.

Тухайлбал, Булган сумын Улаанхус багийн Энгэрт рашаан газар ууланд өвөлжиж байсан 2 малчин өрхийн  1500 гаруй мал цасанд дарагдсан тул 11 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу сумын Засаг дарга Ж.Бауыржанаар ахлуулсан онцгой байдлын 8 албан хаагч, орон нутгийн иргэд нийлсэн нийт 25 хүн, 3 автомашинтайгаар цасанд дарагдсан малыг гаргах ажиллагааг явуулж байна.  Өнөөдрийн байдлаар 500 гаруй малыг хунгарласан цаснаас гаргасан.

 

 

Мөн Булган сумаас Дэлүүн, Толбо сумд, Өлгий хот хүрэх чиглэлийн Улаагчины даваа 10-ны өдрөөс үргэлжлэн орсон их цасны улмаас 18-ны өдөр цасанд боогдсон тул Булган сумаас төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бүрэн зогссон.

Тус сумын малчдын 30-40 мянган мал өвөлдөө Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутагт оторлодог, зуны улиралд Ховд аймгийн хойд сумдын малчдын 20-30 мянган мал Баян-Өлгий аймгийн Булган суманд оторлодог байна.

Энэ жилийн хувьд  Баян-Өлгий аймгийн Булган суманд өвөлжилт хүндэрч, мал бэлчээрлэх боломжгүй болсон тул Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хурал дээр өвөлжилт хүндэрсэн Булган сумын малчдыг отор нүүдэл хийлгэх асуудлыг танилцуулж шийдвэрлүүлэв.

Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай бүлэг Булган сумын Айрагчин газарт өвөлжиж буй тус сумын харьяат малчин Х.Сайлаухан, Х.Килиевхан нарын өвөлжөөгөөр оров.

Х.Сайлаухан (63 настай):

– Бид 4 айл хотоор 10 гаруй ам бүлтэй, 700 гаруй бог мал, 50 гаруй үхэр, 80 гаруй адуу, 2 тэмээтэй өвөлжиж байна. Манайх уг нь Ховд аймгийн Дуут суманд өвөлждөг. Гэвч энэ цас эрт, олон хоногоор үргэлжлэн орсноос болоод даваагаа давж чадахгүй сууж байна.  Харин өнөөдрөөс Улаагчины давааг нээсэн болохоор 24-нөөс эхэлж Ховд аймаг руу отроор явна. Залуучуудаа аваад явна, бас хэлмэрч хийнэ. Бог малаа эндээ орхиод явна, тэгэхгүй бол аян замын ачаа даахгүй.   Миний тооцоолсноор хүрэх газраа очиохд 120-иод км газрыг туулна. Ойролцоогоор цас ихтэй газраар 3 хоног, цас багатай, зам сайтай газраар 4 хоног, нийт 7 хоног явж зорьсон газраа хүрнэ. Улсын онцгой комиссоос отрын бүс нутагтай холбоотой асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, цас ихтэй, мал бэлчээрлэх боломжгүй болсон ийм хүнд нөхцөлд байгаа малчдын асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэж өгсөнд үнэхээр баяртай байна. Одоохондоо мал тарга тэвээрэг сайтай байгаа дээр эртхэн нүүдэллэнэ гэж хуучилсан юм.

Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын хурлыг 11 дүгээр сарын 22-ны өдөр Булган суманд хуралдуулж холбогдох үүрэг, даалгавруудыг өглөө.

 Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Булган сумын нутгаас Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумдын нутагт отроор өвөлжих малчдын асуудлыг шийдвэрлэсэнтэй холбогдуулан дээрх сумдын Засаг дарга нар хамтран гэрээ байгуулж,  отроор өвөлжих малчид, мал сүргийг нэг коридороор гаргах ажлыг шуурхай зохион байгуулах, отор нүүдэл хийж байгаа малчдад зориулсан отрын штаб байгуулах, малчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, отроор өвөлжих малчид орон гэрээ орхиж нүүдэллэж байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хяналт, шалгалтыг сайжруулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Ажлын хэсгийнхэн 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Увс аймагт ажиллана гэж Улсын онцгой комиссын Шуурхай бүлгээс мэдээлэв.  

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …