АНУ-ын Элчин сайд Ж. З. Гаалттай уулзлаа

_mg_8599

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Гаалтыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Женифер Гаалттай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар манай нам ард түмнийхээ итгэлийг хүлээж парламентад олонхи болж, шинэ Засгийн газраа бүрдүүлээд байна. Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал хүндэрсэн энэ үед Монголын ард түмэн МАН-д итгэсээр байгаагаа саяхан 10 дугаар сард болсон орон нутгийн сонгуулиар ч нотоллоо” хэмээн онцлов.

Тэрбээр хүндрэл бэрхшээлийг даван туулахад уламжлалт сайн харилцаатай улс орнуудын дэмжлэг туслалцаа чухал байгааг тэмдэглээд Монгол Улсын гадаад бодлогод АНУ чухал байр суурь эзэлдгийг нотлов. Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, хүмүүнлэгийн зэрэг олон салбарт, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд илэрхийлэв. Тэрбээр АНУ-ын Конгресс Монголын ардчилал, чөлөөт сонгууль, зах зээлийн шилжилтийг дэмжсэн тогтоолуудыг удаа дараа гаргаж, Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгаа зэрэг нь Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Конгресс хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйн жишээ юм гэж онцоллоо.

Түүнчлэн хоёр орны хоорондох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа илүү олон салбарт, өргөн хүрээтэй, үр ашигтай өрнөх нь чухал гэж үзэж буйгаа тэмдэглэв.

Элчин сайд Ж.Гаалт “Уламжлалт бат бөх харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлэх, Монгол Улсын Засгийн газартай хамтран Монголын эдийн засгийг сэргээх нь миний үйл ажиллагааны хамгийн гол зорилт мөн” хэмээн онцлоод миний Элчин сайдаар ажиллах нэг жил гаруйн хугацаанд уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд шинэ эхлэл тавигдсан хэмээв. Тэрбээр 12 дугаар сарын эхээр Вашингтонд очиж, хоёр орны гадаад харилцааны уламжлалт Зөвлөлдөх уулзалтад оролцоно. Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааны шинэ чиглэл, салбар бий болгох тухай ярилцана гэлээ.

Парламент хоорондын харилцааны хүрээнд АНУ-ын Конгрессийн санхүүжилтээр “Ардчиллын төлөөх түншлэл”, “Нээлттэй дэлхий” хөтөлбөрүүд Монголд хэрэгжиж, сургалт, солилцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэв. Түүнчлэн Монголын залуу манлайлагчид, дунд сургуулийн ахлах ангийнханд зориулсан хөтөлбөрийг Элчин сайдын яамны зүгээс эхлүүлээд байгаа талаар ярив. Ирэх жил 90 залуу, 20 сурагч энэхүү хөтөлбөрт хамрагдан АНУ-д очих ажээ.

УИХ-ын дарга, Элчин сайд нарын уулзалтын үеэр Монгол, Америкийн хооронд байгуулсан “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай” хэлэлцээрийг батлах, Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээг байгуулах, Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож буй Монголын зэвсэгт хүчний үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх зэрэг асуудал хөндөгдөв.

Хатагтай Элчин сайд Ж.Гаалт нэлээд сунжирч буй “Ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх нь худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол Улс бол хөрөнгө оруулалтад тааламжтай, эрсдэлгүй орчин гэсэн мессежийг гаднынханд өгөх чухал ач холбогдолтой баримт бичиг юм хэмээн онцоллоо. Тэрбээр шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тухайлбал гарал үүслийн гэрчилгээ, импортын хориг зэрэг асуудлыг өөрчлөх талаар хүчин чармайлт гаргаж буйд талархал илэрхийллээ.

Түүнчлэн Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж, бэлтгэл ажлууд хийгдэж байгааг мэдээлж, Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол зэвсэгт хүчин цаашид оролцоосой гэж хүсэж байна гэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр”-ийг эцэслэж, хэрэгжүүлэхэд Монголын тал ач холбогдол өгч ажиллаж байгааг тэмдэглээд, энхийг сахиулах үйл ажиллагааны хувьд Монголын тал асуудлыг хэлэлцэж байгаа гэв. Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр нь Монголын эдийн засагт эерэг үр дүн авчирна гэдэгт итгэж байгаагаа мөн илэрхийлэв.

Уулзалтын үеэр 2017 онд тохиох, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэх асуудлыг хөндөж ярилцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …