УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 05 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Ж.Батзандан гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Эцсийн хэлэлцүүлэгт Эдийн засгийн байнгын хорооноос “Багийн эмч болон хотын алслагдсан хороодын бүсийн эрүүл мэндийн төвийг унаагаар хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэсэн санал оруулсан юм. Уг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.4 хувь нь дэмжлээ.
“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр” анхны хэлэлцүүлгийг хийлээ
Үргэлжлүүлэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулж Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулсан юм. Хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн болон Сангийн яам, Монголбанкны ажлын хэсгийнхэн оролцов.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, С.Чинзориг нар асуулт асуув. Гишүүдийн зүгээс уг тогтоолын төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын зээлжих зэрэглэл хэдэн шат ахих, ажилгүйдлийн түвшин хэдэн хувиар буурах, ажлын байрыг хадгалах, хөрөнгө оруулалтыг хэдэн хувиар нэмэх, энэ чиглэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хуулийн төсөл боловсруулж байгаа эсэх талаар бодит тоо, баримт сонирхохын зэрэгцээ “Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр”-ийг төрийн хэмнэлтийн хөтөлбөр болгох, нийгмийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай байна гэж байр сууриа илэрхийлж байлаа.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулж УИХ-д хэлэлцүүлж байх үед Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан. Гэхдээ бид УИХ-тай ярилцаад уг хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусахад одоо байгаа зэрэглэлийг хоёр түвшингээр ахиулахаар зорьж байгаа. 2016 оны зургадугаар сарын мэдээгээр ажилгүйдлийн түвшин 10.4 хувьтай байгаа бөгөөд хөтөлбөр хэрэгжсэнээр бид ажилгүйдлийн түвшинг гурван хувиар буулгаж, долоон хувьд хүргэнэ. Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг Засгийн газрын зүгээс төрөөс эхлүүлж, төрийн тансаглалыг танах чиглэл барьж асуудал тавьсан ч дэмжлэг авч чадаагүй гэж хариулж байв.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва бид иргэдийг ажлын байраар хангах, ажилтай орлоготой болгохын тулд уг хөтөлбөрт хөдөлмөрийн биржээр дамжуулан тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг богино хугацаанд цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүр олгох боломжийг бүрдүүлэх ажлын байрны эрэлт хэрэгцээнд үндэслэж, богино хугацаанд мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж, ажиллах хүчнийг бэлтгэх саналуудыг оруулаад байгаа. Мөн эдийн засгийн хямралтай үед иргэдийг гадаадын улс оронд тодорхой хугацаатайгаар ажлын байранд зуучлах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх зэргээр бид ажлын байр нэмэгдүүлэх, орлого нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөрт олон санал оруулсан гэж хариуллаа.
Тогтоолын төслийг дэмжсэн, эсрэг байр суурьтай байгаа талаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Ж.Батзандан, Д.Сарангэрэл, Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва нар илэрхийлсэн юм. Ингээд УИХ-ын гишүүн болон ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 38 саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.
Тухайлбал, ажлын хэсгээс тогтоолын төслийн нэрийг “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” гэж өөрчлөх, “Хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, хугацаандаа хэрэгжээгүй заалт тус бүрээр холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, хөтөлбөрийн биелэлтийн явцыг УИХ-д хагас жил тутам танилцуулж ажиллахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгох”, “Төсвийн сахилга батыг сайжруулах, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлэх, үр дүнгээр санхүүжүүлэх, төсвийн норм, нормативыг баримтлан хэмнэлтийн горимд шилжих” гэсэн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
Түүнчлэн ажлын хэсгээс гаргасан “Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх”, “Байнгын болон түр ажлын байраа тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвар, зээлийн хөнгөлөлтийн бодлогоор дэмжих”, Концессоор өмнө нь хэрэгжсэн, одоо хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд шалгалт хийж, цаашид хэрэгжүүлэх төсөл, арга хэмээний жагсаалтыг батлаж, хэрэгжүүлэх механизмыг хөрөнгө оруулагч нарт тодорхой болгох”, Хөгжлийн банк, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн ашиглалтад шалгалт хийж, дүгнэлт өгөх”, “Банк санхүүгийн системийн ил тод нээлттэй байдлыг хангаж, гадаадын банкны салбар, нэгж нээн ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, “Хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар эрх зүйн орчинг боловсронгуй болгох”, “Барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, импортыг бууруулах” зэрэг саналуудыг ч гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.
Мөн “Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний хэрэглээг нэмэх”, “Атрын III аяныг үргэлжлүүлж, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах”, “Малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг шинэчлэн, эрх зүйн орчныг бий болгох”, “Ноолуур хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх”, “Гадаадын зах зээлд экспортлох боломжтой программ хангамж, техник хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх”, “Хөдөлмөрийн биржээр дамжуулан тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг богино хугацаанд цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүр олгох боломжийг бүрдүүлэх”, “Ажлын байрны эрэлт хэрэгцээнд үндэслэж, богино хугацаанд мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж, ажиллах хүчнийг бэлтгэх” зэрэг ажлын хэсгээс гаргасан саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авав.
Түүнчлэн “Таван толгой-Гашуун сухайт, Нарийн сухайт-Шивээхүрэн, Зүүнбаян -Ханги, Эрдэнэт-Овоот, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, Богд хан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх саналыг гишүүдийн 79.6 хувь нь дэмжсэн ч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Засгийн газар Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг дахин нэг нягталж үзэхийг анхааруулж байлаа.
Гишүүдийн олонхи нь “Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, татварыг нийгмийн даатгал, хууль хяналтын байгууллагаас давхардсан хяналт, шалгалт, хүнд суртлыг арилгах” саналд гишүүд байр сууриа илүүтэй илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Занданшатар эдийн засаг хүнд үед хувийн хэвшлээ дэмжих нь зүйтэй, УИХ-ын гишүүн С.Бямбацогт улсын хэмжээнд байгаа 1000 гаруй тусгай зөвшөөрлийг гурав дахин бууруулах шаардлагатай байна гэж уг саналыг дэмжсэн бол УИХ-ын С.Чинзориг энэ саналын оронд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр санал оруулах шаардлагатай гэж байв. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.0 хувь нь дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн тогтоолын төсөлд жимс, жимсгэнэ тариалалтыг дэмжих, газар олгох санал олонхийн дэмжлэг авч чадсангүй.
Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм. “Таван толгойн ордыг ашиглах, Таван толгойн 450 МВТ-ын цахилгаан станц, Гацууртын алтны орд, Дулааны III цахилгаан станцын 250 МВТ-ын өргөтгөл, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВТ-ын өргөтгөл зэрэг төслүүдийг хийж хэрэгжүүлэх”, “Хөшигийн хөндийд баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болгох хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хйиж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, шинэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүлэх” саналууд чуулганы гишүүдийн олонхийн дэмжлэгийг авлаа.
УИХ-ын чуулганы уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.