Нүүдэлчин удамт Монголчууд уралдаан гэдэг үгийг хурдан морины уралдаан гэдгээр сайн ойлгож байгаа. Тун удахгүй баяр наадамын түрүүч нь эхлэж, энд тэндгүй хурдан морьдын уралдаан болно, УИХ-ын гишүүдээс эхлээд, унааны ганц морьтой эр ч баяр наадамд мориныхоо тоосыг “үзэхээр” хөдөө хөрч, гадаа гандахаар мордоно.
Харин энэ удаа бид хурдан морьны уралдааны тухай биш, Ерөнхийлөгчийн сонгуулийн “уралдаан”-ы тухай ярих гэж байна. Уралдаан өнөөдөр барианаас гарна. Нэр дэвшигчдийг морьтой зүйрлэж хэлэх юм бол 36 км газраас буюу 36 хоног “уралдана.” Уралдагч морьдын хувьд олон жил хазаар даран тэмүүлж ирсэн, 1 удаа улсын наадмын түрүү авсан ч, хоёрдох удаагаа олноос онцгойрч, түмнээс шалгарч түрүү морьдын уралдаанд оролцох болсон АН-ын “хээр”, мянганаас шалгарч, олноос оройлон гарч ирсэн, хүч бяр нь эн тэнцүүхэн “битүү морь” гэмээр МАН-ын “хүрэн”, энэ хоёрын хаана ч хүрэхгүй, улсын байтугай аймгийн наадамд ч айрагдаж үзээгүй гэмээр МАХН-ын “халзан” гэсэн 3 “морьд” энэ удаагийн уралдаанд оролцохоор болж байна. Халзан морины хувьд гол зорилго бол эхнээсээ уяач эзнээ баярлуулахын тулд улсын наадамд оролцож, гараанаас ур хороо уралдуулан байж, хүрэн морьны хор шарыг хөдөлгөн, барианы дундаас хүч бярийг нь сульдааж хойш суулгах, улмаар хээр морийг урагш зүтгүүлж түрүүлүүлэх явдал. Энэ уралдаан их онцлогтой. Угаас гуравхан морь уралдаж байгаа болохоор зөвхөн түрүүлсэн морийг л байлна. Түрүүлсэн морь унаач хүүхдээ баярлуулаад зогсохгүй “уячдын гал”-аа баясгах нигууртай. Түрүүлсэн мориороо дамжуулан уяачид нь түмнийг хөдөлгөх, намынхныг намхатгах бодолтой.
Уралдаан эхлэж, морьд гараанаас эргэлээ, уяач эзний эрдэм, унаач хүүхдийн ухаан мэдсэн наадам болох нь уу, эсвэл “Гарьд магнай” киноны төгсгөлд гардаг шиг элс, шороо цацсан, хар хор буцласан уралдаан болох нь уу гэдгийг наадамч олон бид харах л үлдлээ.
Энэ удаагийн сонгуульд хэний морь түрүүлэхийг үзэгч, наадамч олон бид шийдэх болж байгаараа нэн сонирхолтой. Хэний морь сайн, хэний морь буруу, хэний морь хадуурч давхиж байгааг наадамчид бид харан байж шийдвэрээ гаргах байх даа. Уралдаан хэтэрхий хүч тэнцвэргүй мэт харагдаж байгаа ч зам хол, зай уудам байна. Аль нь түрүүлэхийг хэн мэдлээ.
Ц.Мөнх