Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг сонсохоор төлөвлөсөн байсан. Гэвч дахин долоо хоногоор хойшлуулахаас аргагүйд хүрсэн. Учир нь АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлэн уламжилсан. Гэсэн ч түүнийг нь Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөөгүй бололтой. Юутай товлосон цагтаа МАН-ын бүлгийн гишүүд хуралдааны танхимд цугласан ч АН-ын бүлгийнхэн оролцоогүй төдийгүй УИХ-ын гишүүн Ж.Батзандан нөхдөө төлөөлж дээрх асуудлаар завсарлага вах тухайгаа мэдэгдсэн юм.
Ийнхүү Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг дараа долоо хоногт танилцуулахаар хойш тавьлаа. АН-ын бүлгийн тухайд өмнөх өдөр нь “Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн дүгнэлт, шалгалтын тайлан, материал манай бүлэгт ирээгүй. Тиймээс энэ асуудлыг хойшлуулах саналыг АН-ын бүлгээс хүргүүлж байна. Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүд авсан гэдэг мэдээлэл байдаг. Үлдсэн 40 хувийг авто зам, бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалтад зарцуулсан. Дээр нь Хөгжлийн банктай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг гурав хоногийн өмнө манай бүлэгт ирүүлэх ёстой байсан. Гэвч хуулийн хугацаанд ирүүлээгүй учир долоо хоногоор хойшлуулах саналыг Ерөнхий сайдад тавьж байгаа юм. Бидний хүсэлтийг Ерөнхий сайд авч үзээд, Ардчилсан намын бүлгийн байр суурьт хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна” хэмээн мэдэгдсэн.
Эдгээр нь үндсэндээ улс улстөрчдийг хагаралдаж, хөлөө жийлцэхэд хүргэж байгаа бололтой. Учир нь “Чингис”, “Самурай” бондоос эхлээд гадны зах зээлээс босгосон олон тэрбум долларыг хэн хэрхэн, зарцуулсныг олон нийтэд дэлгэх болохоор л заавал хэн нэгэн нь янз бүрийн шалтгаар хойшлуулсаар ирсэн. Тухайлбал өнгөрсөн оны нэгдүгээр сард л гэхэд УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн банк болон “Чингис, “Самурай” бондын хэрэгжилтэд шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан ч чимээ алдарсан. Ингэхдээ олон нийтэд ил болгох гэхээр Ажлын хэсэгт багтсан гишүүд нь гарын үсэг зурахгүй байна хэмээж байв. Тухайн үед Хөгжлийн банк 2000 гаруй аж ахуйн нэгжид зээл олгож, санхүүжүүлсэн хэмээгдэж байв. Харин одоо тэдгээрийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүд авсан хэмээн АН-ын бүлгийнхэн “том” дуугарч байна. Мэдээж УИХ-ын гишүүд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Тиймээс зээлийг хэний шийдвэ¬рээр санхүүжилт хий¬сэн, яагаад төсөвт өртөг нь нэмэгдсэн гэдгийг тухайн хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой. Энэ ч утгаараа ч тус банкны удирдлагууд болон зарим албан тушаалтанд хэрэг үүсгэн хуулийн байгууллага шалгаж байгаа.
Гэтэл төсвөөсөө давсан их өр бий болчихоод тэр нь ард түмний нуруунд ачаа болохдоо тулчихаад байхад улстөрчдийн хувьд ийн хойш тавьж байгаа нь энгийнээр бол биесээ айлгах төлөвлөгөө мэт болжээ. Тодруулбал Хөгжлийн банкны шалгалтын дүнгээр АН, МАН-ынхан нэгнийхээ амыг барьдаг болох нь уу гэх хардлага гэсэн үг. Нийт 2000 гаруй аж ахуйн нэгж зээл авсан байлаа гэхэд тэдний 60 хувь нь МАН-ынхан гэж байгаа. Харин үлдсэн 40 хувь нь?
Хэн, хэний компани байж болох вэ. Тэдгээр нь зээлийг хэрхэн авсан байж болох вэ. Энэ нь л шалгалтын гогцоо юу. АН-ынхан засаглаж байгаа үедээ тэр хэмжээний хөрөнгийг зөвхөн МАН-ынханд өгсөн үү. Эсвэл үлдсэн гээд байгаа 40 хувийг үнэхээр авто зам, бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалтад зарцуулсан уу. Энэ мэтчилэн олон асуултад хариулт хэрэгтэй. Харин хариултыг хэзээ өгөх бол. Үнэхээр ирэх долоо хоногт өгөх үү. Эсвэл өөр хоорондоо зохицон, асуудлыг хав дарах уу.
Энэ асуудлыг хамгийн ихээр мэдэх хүн буюу анх Хөгжлийн банкинд шалгалт хийж байсан гишүүдийг ахалсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өчигдөр мөн л тус банкны шалгалтын дүгнэлттэй холбоотойгоор мэдээлэл хийнэ хэмээж байснаа чимээ алдарсан. Өнөөдөр болгож хойшлуулсан гэж байгаа. Чухам мэдээлэл өгөх эсэх нь тун эргэлзээтэй. Учир нь түүнийг өмнө нь энэ л сэдвээр сэтгүүлчид олон удаа хариулт өгөх нь хэмээн итгэж, хүлээсэн. Харамсалтай нь өнөөдөртэй золгосон. Тэгэхээр чухамдаа Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн улстөрчдийн “хадны мангаа” болж, архивлагдах вий.
Эх сурвалж: Өглөөний сонин