Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өчигдөр сэжигтнээр татав. Сэжигтнээр татсан зарлан дуудах хуудсыг түүнд өчигдөр 14:00 цагийн орчимд хүргүүлж, 16:00 цагт мэдүүлэг өгөхийг хүсчээ. Сайд асан Н.Алтанхуяг 16:30 цагт АТГ-т ирэхдээ сэтгүүлчдэд дараах мэдэгдлийг хийсэн юм. Тэрээр “Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж мэдэгдсэнээс болж нэлээд үйл явдал өрнөж байна. Хоёрдугаарт, нэвтрүүлэгт ороод Монголын нийгэмд болохгүй байгаа зүйлийг, “Тавантолгой”, “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Саусгоби сэндс”-ийн хөрөнгийг цөөн хүн завшаад байна гээд хэлчихсэн.
Үүнээс болж Ц.Элбэгдорж, тэдний бүлэглэл амь тавьж байгаа бололтой. Цөөхөн хоногийн дотор гурав, дөрвөн эмэгтэйг шоронд хийлээ. Өнөөдөр намайг ир гэлээ. Ерөнхийлөгч болон түүний бүлэглэлийн бий болгосон хонгил байдаг гэж би өнгөрсөн дөрвөн сард хэлж байсан. Намайг хонгил руугаа шахаж оруулах гэж олон жил зүтгэж байгаа. Ерөнхий сайд байх үеэс зохиомол хэрэг үүсгэж эхэлсэн. Үүнд айж, ичээд байх зүйл байхгүй. Үнэн мөн хэзээд ялна. Би хоёр зүйлд харамсч байна. Намайг эртхэн дуудаж мэдүүлэг авах ёстой байлаа.
Заавал ойр хавийн Л.Гансүх, Б.Мөнгөнтуяагаас эхлээд олон хүнийг шорон гяндангаар тарчлааж хамгийн сүүлд төрсөн дүү, хамаатнуудыг нь тарчлаадаг явдлыг болих хэрэгтэй. Намайг шорондоо хийгээд, барьсан хүмүүсээ гаргах цаг нь болсон. Төгсгөлд нь хэлэхэд, Ц.Элбэгдорж бид нар 1990 оноос эхэлж ардчиллын төлөө явсан. Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой. Үгэнд нь орохгүй бол шоронд ордог ардчиллын төлөө яваагүй. Ийм хоёрхон сонголттой ардчилал Монголд байж болохгүй Ц.Элбэгдоржийн үгэнд ормооргүй байна. Улс эх орны төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэлдэнэ” гэсэн юм.
Тэрээр гурван цаг гаруй мэдүүлэг өгч 20:00 цагийн үед гарч ирэв.
Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас ирсэн мэдээллээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат АТГ-т ирсэн юм. Тэрээр “Н.Алтанхуяг даргыг байцаалт авахын тулд хоёр цагийн өмнө гэнэт дууддаг нь ямар учиртайг тодруулах гэж ирсэн. Би АН-ыг төлөөлөх бүрэн эрхтэй. АН-ын гишүүн, УИХ-ын гишүүний хувьд, хамтран ажиллаж байсан хүний хувьд ч тэр энэ хүний асуудлыг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай. АН өөрийнхөө гишүүнийг өмгөөлөх ёстой. АТГ-д ирээд байцаагчтай нь уулзах хүсэлт тавьсан ч харамсалтай нь оруулсангүй” гэв.
АТГ-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эргэн тойрны хэд, хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хориод байгаа юм. Түүний хүргэн дүү Г.Дэнзэнг өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан ч цагдан хорих хугацааг нь дахин сунгасан. Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж буй. Харин Н.Алтанхуягийн дүү нарын холбогдсон хэргийг Нийслэлийн прокурорын газраас Н.Наранцэцэг нарыг БСШУСЯ, зарим дүүргийн Тамгын газраас зарласан тендертэй холбогдуулан шалгаж байгааг мэдэгдсэн.
Харин өчигдөр дугаар шилжих мөчид АН-ын Гүйцэтгэх зөвлөл Н.Алтанхуягийн асуудлаар шуурхай хурал зарласан байв.
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин