Э.Бадамцэцэг: Намайг хүнтэй холбож бичихэд гомддог, хожим миний хүүхэд уншвал яах юм

“Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүнтитмийн эзэн Э.Бадамцэцэгтэй цөөн хором хөөрөлдлөө. Энэ бүсгүй 17 насандаа энэ эрхэм титмийн эзэн болсон бөгөөд Содтуяагийн шавь, “Азийн модель” агентлагт харьяалагддаг юм. Ингээд “Хэцүү ангийн” Гэрэлээ, “Ану хатан”-ы Ахайг тойрсон хэд хэдэн асуултанд хариулт авснаа нэмэлт хачиргүй хүргэж байна.

-Хоёулаа яриагаа шууд залуусын асуугаасай гэж хүсч байгаа асуултаар хэлье. Найз залуутай юу?

 -Энэ бол миний хувийн амьдрал. Их олон сэтгүүлч “Найз залуутай болчихсон уу”, “Найз залуутай гэл үү” гээд л… Янз бүрийн байдлаар намайг гэнэдүүлэх гэж үздэг. Хувийн амьдрал учраас би олонд дэлгэхийг хүсдэггүй.

 -Найз залуу чинь гомдчих вий дээ. Намайг хэлсэнгүй гээд?

 -Байвал гомдох л байх.

 -Тэгвэл чамд харж явдаг залуу байна уу?

 -Байхгүй ээ. Би эрэгтэй хүний нүд, хумс хоёрыг нь хардаг. Хэчнээн гоё залуу байсан ч хумс муухай бол тиймэрхүү санагдаад л явчихна даа.

 -Ерөөсөө дурлаж байгаагүй гэж үү?

 Би наймдугаар ангид байхдаа “Монгол Энэтхэг”-ийн сургуульд сурч байсан. Тэнд байхдаа нэг хүүг “Над руу харахгүй байна” гээд л уйлчихдаг байлаа. Тэр хүүг харахаараа баярлаад л… Нэг өдөр уулзахгүй бол сонин санагдаад л… Завсарлагаанаар албаар тэдний ангийн хажуугаар яваад л… Манай анги хоёр давхарт, тэдний анги гурван давхарт байсан юм. Нэг давхар луу буугаад гуанз орохгүй заавал гурван давхраар дамждаг байлаа. (инээв)

-Тэр азтай залуугийн нэрийг хэлээч?

-Яахын бэ. Одоо маш сайн найзууд

-Яаж яваад найз болчихдог юм бэ?

-Би ингэж боддог. Үерхэж байгаа хосууд мэдээж хамтдаа гоё байдаг. Гэхдээ ямар нэгэн байдлаар салбал тэр хүнтэйгээ би хуучин шигээ харьцаж чадахгүй шүү дээ. Тийм учраас найз нөхөд байхыг илүүд үздэг. Найзууд бол насан туршдаа хамт байж, дуртай үедээ уулзаж ярилцана. Үргэлж хамт байж болно гэсэн үг.

Би ер нь олон эрэгтэй найзтай. Бүгдээрээ надаас найз охиноо асуудаг. “Би ийм найз охинтой болчихсон. Бадамаа ямар байна” гээд л… Эмэгтэй хүн юм болохоор найзуудаа охидоос харамлана, жаахан тиймэрхүү охид байвал. “Биш ээ биш” гээд л… (инээв)

-Тэгвэл та 247 дугаар баганыг тайлбарлаач?

-Тэр чинь манай нутаг руу явах замд, Дархан Сэлэнгийн хооронд байдаг байхгүй юу. Цагаан сарын үеэр ахтайгаа хамт өвөөгөө хүргэж өгчихөөд явж байсан юм. Тэгээд сахилгагүйтээд л. Манай ахын ч гэсэн тэнд авахуулсан зураг нь байгаа. Ах маань найз охиндоо зориулж зургаа авахуулсан юм. Би агаагаа дурайгаад л…

-Нэг залууд зориулсан юм биш үү?

-Үгүй үгүй. Залууд зориулсан бол шууд л бичнэ шүү дээ. Нууж хаагаад байх юмгүй.

-Эмэгтэй хүн олон нийтийн сүлжээгээр тийм юм бичвэл эвгүй биз дээ. Тэгээд л арга ядахдаа баганы хажууд зургаа авахуулсан юм биш үү?

 -Надад бол хамаагүй. Шууд л хэлнэ. Эмзэглээд байх юмгүй.

 -Залуусын захианд бол дарагддаг биз?

 -Үгүй. Би амьдралдаа нэг л захиа авсан. Хүмүүс харин намайг захианд дарагддаг гэж боддог байх.

-Сургуулиа сольсон гэл үү?

 -Тийм “Ач анагаах”-д сурч байгаад ЭМШУИС-д орсон.

 –Анагаахын оюутны хамгийн анхны даваа нь задлан гэдэг байх аа?

 -Задланд орохоос өмнө аймаар айж байсан. Харин орсон чинь ерөөсөө хүн гэдэг нь ч мэдэгдэхгүй, баримлын шавар шиг санагдаад. Хүрч үзсэн чинь хүний арьс шиг мэдрэгдээгүй. Үс хуйхыг нь хараад л дотор арзайгаад сонин болсон. Түүнээс бол гайгүй ээ. Хүүхдүүд орой очоод хоолоо идэж чадаагүй гэж ярьдаг л юм билээ. Би бол тэгээгүй. Магадгүй багаасаа эмч болно гэж мөрөөдөж байсантай холбоотой байх. Тэгээд ч би рисктэй юманд дуртай. Тэр маань ч нөлөөлсөн байх.

-Жаахан дураараа юу?

 -Ер нь юмыг тойруулах дургүй, шууд л хэлдэг. Энэ зан маань нэг талаараа сайн ч нөгөө талаараа муу юм шиг байгаа юм. Харин хүнээс үг сонсохдоо гайгүй.

 

-Чи бол Монголын мисс. Хүмүүс чамд “Чи сайхан бүсгүй” гэж их хэлдэг биз. Харин хувь хүн маань өөрийгөө хэр сайхан бүсгүй гэж боддог юм бол?

 -Би бол байдаг л эмэгтэй. Бусад эмэгтэйчүүдээс ялгарах зүйл нь гадаад төрх, бие хаа, байгаа байдал минь байж болох юм. Хүн болгон адилхан царайгүй шүү дээ. Гэхдээ энэ бол юу ч биш.

-Эмэгтэй хүний гоо сайхан юундаа байдаг юм бол?

-Дотоод гоо үзэсгэлэндээ байдаг. Заавал хөөрхөн байх албагүй. Хөөрхөн, сайхан бие хаатай, хүн болгон түүн рүү эргэж хардаг, үнэтэй хувцас өмсдөг охин байж болно. Гэтэл тэр охинтой харьцаж үзсэн хүмүүс дөлөөд байдаг. Өөрийгөө үргэлж тордоод хэдэн цаг толины өмнө нүүрээ будаад, хувцаснуудаа сольж өмсөөд л… Тэгсэн хэрнээ зөвхөн найз нөхдөөр л дутаж байдаг хүмүүс бий.

Эсрэгээрээ өөртөө зохих хувцсаа аваад өмсчихөж чаддаггүй, хүн болгонтой сайхан харьцдаг хэрнээ мярайлаг ч юм уу, жаахан царай муутайвтар хүүхнүүд олон найзтай байх тохиолдол байдаг шүү дээ. Энэ бол дотоод гоо сайхнаа ашиглаж, түүнийгээ хөгжүүлж чадсан хүний жишээ. Тиймдээ ч хүн бүр түүндээ хайртай, түүнтэй найзлахыг хүсдэг.

 -Олны танил, ялангуяа эмэгтэй хүмүүсийг элдвээр бичих нь бий. Үүнийг яаж хүлээж авдаг вэ?

 -Анх бол аймаар эмзэглэдэг байсан. Бүр уйлдаг байлаа. Мэдээг нь уншаад, сэтгэгдлийг нь уншаад л уйлчихдаг байлаа. “Би өөрийнхөөрөө байхад хүмүүс яагаад ингэж бодоод байгаа юм. Ингэж худлаа бичиж байхаар зураг, видеог нь тавиасай” гэж бодно. Ингэж хэлүүлж байхаар үүнийг нь хийчихээд ингэж бичүүлэх юмсан гэж бодох үе ч бий.

Ээж минь надад “Хүн өөрийнхөө алдааг харж чаддагггүй юм. Наад бичиж байгаа хүмүүс чинь чиний алдааг харсан хэрэг. Тийм учраас чамайг доромжилж байна гэж биш, зөвлөгөө өгч байна гэж ойлго” гээд л ярьж байсан юм. Түүнээс хойш би ерөөсөө эмзэглэхээ больчихсон. Бүр тэгж муулж сайлж бичсэн хүмүүст баярладаг. “Чиний энэ чинь болохгүй байна аа. Энийгээ янзлаарай” гэж байгаа юм шиг л… Түүнийг нь өөрийнхөө хэмжээнд засах гээд л явж байна. Гэхдээ хааяа гомдох үе гарах л юм байна шүү дээ.

-Яг ямар мэдээлэлд хамгийн их эмзэглэсэн бэ?

-Намайг хүнтэй холбоход үнэхээр их гомддог. Учир нь би хувийн амьдралтай. Цаашдаа хүний эхнэр болно, ээж болно. Миний хүүхэд ээжийнхээ тухай мэдээлэл хайсан чинь баахан “тийм юм” гараад ирвэл яах вэ. “Тэрэнтэй ч явалдсан, энэнтэй ч унтсан” гэж бичсэнийг уншвал ямар байх вэ. Тийм биз дээ. Би хайртай хүнтэйгээ учраад яг суух гэж байтал тэр муухай юмнуудыг уншаад “Энэ чинь ингэж явалдаж байсан юм байна” гээд больчихвол яах вэ. Тийм юм болбол надад хэцүү биз дээ. Гэхдээ миний хань болох хүн иймэрхүү юмыг ойлгодог хүн байх биз.

-Тийм хүн олдох байлгүй дээ?

 -Олдоно оо угаасаа. (Инээв) Түүнд их итгэлтэй байгаа.

 

-Чи чинь нэг хөгшин эрээс том машин бэлгэнд авсан байх аа?

-Тийм. Манай аав машины ченж хүн байдаг. Манай аавыг Пүрэвдорж гэдэг. “Да хүрээ” зах дээр зогсдог. Уг нь амьдралаа ний нуугүй тоочмооргүй байна. Яг тэр үед ээжийн бие муудаад машин хэрэгтэй болсон. Одоохондоо ээж бид хоёр хөл залгах унаагүй байгаа учраас ааваас тусламж гуйсан юм. Тэр миний унаж байсан 200 дугаар ч үгүй, би өөрөө үнэмлэх ч үгүй. Цагдаа зогсоохоор найз нөхөд рүүгээ залгаж байгаад л “Энэ хүнийг аргалаад өгөөч” гээд л… Тэр үед манай найзууд их тусалсан. Баярлалаа гэдгээ хэлье.

-Одоо ээжийнх нь бие зүгээр үү?

 -Одоо ээж минь эдгэрсэн. Саяын өвөл бол хүндхэн л өнгөрлөө.

 -Тийм хүнд үед иймэрхүү мэдээлэл гарахаар хүнд туссан байх даа?

-Тухай үед ээжийн бие маш чухал байсан учраас түүнд нэг их ач холбогдол өгч эмзэглээгүй. Угаасаа үнэн ч биш. Нээрэн би чинь тэр 200-аас гадна “Crown” гэдэг машинтай гэсэн шүү дээ. Тэр бичсэн хүмүүсээс нь очиж машинаа авна аа. (Инээв)

 Чамайг ойр ойрхон нүцгэллээ гэж мөн ч олон хүн халаглаж байна даа?

 -Хүмүүс маш муугаар хүлээж авсан. Миний хувьд ээжээсээ асуусан. Ээж маань “Миний охин энэ бие хаа, энэ царай зүс чинь дахиж ирэхгүй. Хөгшрөх тусам энэ царай зүс, бие хаагаа алдана. Тиймээс өөрийгөө мөнхлөхийг хүсвэл татгалзах зүйл биш” гэсэн. Мөн миний тэр зураг зүгээр нэг студид очоод шууд хувцсаа тайлаад авахуулчихсан эд биш. Францаас ирсэн зурагчин авсан юм. Дээрээс нь оюуны өмчөөр хамгаалагдана гэсэн учраас би зөвшөөрсөн. Тийм болохоор надад түүн дээр харамсаад байх зүйл байхгүй.

Харин “Ану хатан” киноны тухайд хамаг юмаа тайлаад л сүртэй нүцгэлээгүй. Бага зэрэг эротик хэсэг гардаг. Монгол түүхэн Ахай хатны дүрийг авчихаад тийм жижигхэн юмнаас татгалзах эрх надад байгаагүй. Миний мөрөөдөл түүхэн кинонд тоглох байсан учраас ерөөсөө түүртэй санагдаагүй.

Бүх хүмүүс өөрийн залуу гоо үзэсгэлэнгээ гэрэл зурагт мөнхөлж, түүхэн кинонд тоглож чадахгүй. Тиймээс энэ бол боломж. Ер нь би өөрийгөө азтайд тооцож байгаа.

-Харийн нэг эр чиний нүцгэн биеийн шуналтай гэгч нь харж байна шүү дээ. Чиний нүцгэн биеийг дэлхийн хаанаас ч, хэн ч харах боломжтой болсонд Монгол эрчүүд маань харамласан юм биш үү? 

 -Тэгсэн байх аа. Нэгэнт болоод өнгөрсөн юмыг яалтай. Одоо ямар “Ану хатан” киног устгуулалтай биш. Би өөрөө хүсээд хийсэн зүйл учраас надад ерөөсөө муухай санагдаагүй.

-Чамд хэдэн төгрөг төлсөн бэ?  

 -Тэр бол нууц. Уншигчид өөрсдөө таамаг дэвшүүлнэ биз. Мэдээж хямдхан биш, бас нэг их сүртэй үнэтэй биш. Би мөнгөнд нь ач холбогдол өгөөгүй. Их, бага байна гэж хэлээгүй. Хэлсэн үнээр л авахуулсан. Хамгийн гол нь надад оюуны өмчөөр хамгаалагдах чухал байсан.

-Дахиад нүцгэлэх санал ирвэл яах вэ?

-Одоо бол болсон.

-Кинонд тоглох санал ирж байна уу?

Одоогоор бол тийм санал ирээгүй. Ер нь зав ч муу байгаа. Анагаах чинь чөлөөт цагаараа явж байгаад төгсчихдөг сургууль биш. Киноны урилга ирвэл тухайн үед л шийдэх байх.

-Алсын зорилго?

-Би жаахан байхдаа тавьж байсан зорилгууддаа ерөнхийд нь хүрчихсэн юм уу гэж боддог. Яг энэ насандаа ийм болно гэдэг ч юм уу. Тэр зорилгууддаа хүрчихсэн. Эмэгтэй хүн бүрийн хүсдэг титмийг би авч үзлээ. Тэр титмийнхээ хариуд дэлхий дахинд Монголынхоо нэрийг гаргалаа. Би энэ насандаа хийх ёстой юмаа хийчихсэн гэж боддог. Тиймээс одоо зөвхөн мэргэжлээ сайн эзэмшиж, гоо сайхны мэс засалч болж, эмэгтэйчүүддээ туслахаар суралцаж байгаа.

 Сэтгүүлч: С.ДОРЖ

Эх сурвалж: WWW.ZONE.MN

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …