УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2016.12.09/ төрийн болон олон улсын байгууллага, төсөл, холбоодтой хамтран “Инноваци-Боловсрол, хөдөө аж ахуйн салбарт” сэдэвт үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа.
Чуулганыг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, БСШУСЯ-ны Инноваци өндөр технологийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, ХААИС-ийн захирал Х.Тэрүүга, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хүнс, хөдөө аж ахуйн аюулгүй байдал хариуцсан захирал Даниел Валенгхи, Күийнсландын их сургуулийн Харилцаа ба инноваци төвийн захирал, “Ногоон алт” төслийн Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн төслийн удирдагч Элске Ван Де Флийрт нар үг хэллээ.
Дээрх хүмүүс хэлсэн үгэндээ дэлхийн улс орнууд шинжлэх ухаан, инновацийг хэрхэн хөгжүүлж, мэдлэгийг баялаг болгож байгаагаараа өрсөлдөж, хөгждөг болсон. Манай улс ч үүнтэй хөл нийлүүлж алхах ёстой. Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд мэдлэгийг баялаг болгох, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр баялаг бүтээх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь ойрын ирээдүйн гол зорилго байх ёстой гэсэн санааг онцлон тэмдэглэв.
Нээлтийн дараа чуулган нэгдсэн хуралдаанаар үргэлжилсэн. Нэгдсэн хуралдаанд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого” сэдвээр ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, “Хөдөө, аж ахуйн инновацийн тогтолцоон дахь талуудын оролцоо буюу байгууллагын тогтолцоо” сэдвээр ХААИС-ийн Инноваци, бизнес хөгжлийн төвийн захирал Б.Мөнхбат, “Үндэсний хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэхэд “Ногоон алт” төслийн оруулсан хувь нэмэр” сэдвээр Орон нутгийн тогтвортой хөгжлийн төлөө холбооны захирал, “Ногоон алт” төслийн Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч Б.Эрдэнэболор нар илтгэл тавилаа.
“Ногоон алт” төслийн үйл ажиллагаа чуулганд оролцогчдын анхаарлын төвд байв. Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний шинэлэг арга хэрэгслийг туршиж, ашиглан, 7 аймгийн 63 сумын 32 мянган малчныг нэвтрүүлэх үйлчилгээнд хамруулсан талаар илтгэгч дурьдсан. Хөдөө аж ахуйн салбарын шинэ соргог мэдээлэл бүхий хэвлэмэл материал, хөдөө аж ахуйн түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээж бүхий “Аяны богц”-оор малчдад мэдээлэл дамжуулдаг талаар тэрбээр ярьсан. Ийм “аяны богц”-ыг малчдаар аялуулах нь зардалгүйн дээр мэдээлэл шуурхай, бодитой хүргэх гол суваг болдгийг яриандаа тэмдэглэж, удахгүй “Аяны богц”-ыг цахим хэлбэрт оруулах төсөл хэрэгжихийг онцлов.
Чуулган дараагийн шатандаа хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний хуулийн төсөлд санал бодлоо хэлж, эцэслэн тохиролцлоо. Мөн орон нутгийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд зайны сургалт нэвтрүүлэх талаар хэлэлцүүлэг явуулж, санал зөвлөмж боловсруулснаар зөвлөмжийн төслийг хэлэлцэж, баталсан.
Чуулганыг хааж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Өнөөдөр маш үр дүнтэй чуулган боллоо. Инновацийн эрх зүйн орчин, нэвтрүүлэх үйлчилгээний хуулийг яаравчлан батлах ёстой. Хууль батлагдахаас өмнө онол, практик дээр сайн ярилцаж байгаад чамбай хууль гаргах шаардлагатай байна. Та бүхний хэлсэн санал хууль, тогтоолд тусч, амьдралд хэрэгжинэ” хэмээн хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.