Бондын мөнгийг “залгисан” асуудал чинь булавч бултайна, даравч дардайна шүү АН-ынхаан

Хөгжлийн банктай холбоотой асуудал энэ долоо хоногийн жинхэнэ “хэрүүлийн алим” байх бололтой. Учир нь өнөөдөр Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж тун сонирхолтой дүгнэлтийг сэтгүүлчдэд хэлэв. Харин МАН-ын бүлэг өчигдөр хуралдсангүй. Тэд намынхаа “гал тогоог” барих хүнээ сонгох бага хурлаа хийсээр өдрийг өнгөрүүлсэн юм. Энэ хооронд нь АН-ын бүлгийнхэн Хөгжлийн банктай холбоотой асуудлыг өөрсдөөсөө зайлуулж хэсэг хугацаанд хамтарч явсан нөхөд рүүгээ чихэв. Хачирхалтай нь тэд өдийг хүртэл Хөгжлийн банктай болон бондуудтай холбоотой ямар ч булхай луйвар байхгүй хэмээн цээжээрээ хамгаалж байсан ч өчигдөр гэнэт үзэл бодлоосоо ухарж, “буруу гараар явсан юм байна, гэхдээ тэр буруутай” гэж хэн нэгэн рүү түлхэж эхэллээ.

Хуульзүйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкинд шалгалт хийгээд санхүүгийн 1,3 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлсэн байгаа. Тус банкнаас олон зөрчил дутагдал илэрсэн. Наад зах нь төсөл хөтөлбөрийг ямар ч тендэргүйгээр шалгаруулж, хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдийн компаниудыг хэт их мөнгөөр санхүүжүүлсэн. Аж ахуйн нэгжүүдэд тараасан зээлэндээ ямар ч хяналт тавиагүйгээс болж өнөөдрийг хүртэл эргэн төлөлт байхгүй. УИХ, Засгийн газраар батлуулаалгүй олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Гэрээ байгуулаад гэрээнийхээ ажлыг дуусгаад мөнгөө авахдаа төсөвт өртөг нь 3-4 дахин нэмээд авсан компаниуд олон  бий.

Жишээлбэл,  Хөгжлийн банк 2012-2016 онд нийт 29 хүнд урамшуулал цалин олгоход 2.6 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь нэг хүнд дунджаар 92 сая төгрөг хүртээсэн гэсэн үг юм. Уралдаан тэмцээнд амжилттай оролцсон гэсэн нэрийдлээр 28 хүнийг урамшуулахад нийт 180 сая төгрөг зарцуулжээ. Энэ нь нэг хүнд ойролцоогоор 26.3 сая төгрөг ногдсон гэсэн үг юм.

Энэ одоо юу гэсэн үг бэ. Улсын төсөв 1,4 их наядаар тасарчихаад байхад Хөгжлийн банкийг тойрсон хөрөнгөтнүүд 1,3 их төгрөгийг салхинд хийсгэчихсэн шүү дээ. АТГ-аас өнгөрсөн сарын дундаас эхлээд Хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан “Фортуна” Н.Батбаярыг есдүгээр сарын 15-ны өдөр саатуулсан байдаг. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг мөн АТГ-аас саатуулан шалгаж эхлэв. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатарыг шалгаж байна. Н.Батбаяр нь цагдан саатуулагдсан даруйдаа зүрхний ачаалал даахгүй гэх шалтагаар батлан даалтад гарч гадуур шалгагдаж байгаа. Тэгвэл Н.Мөнхбатыг саатуулсан хэвээрээ байгаа бол Б.Шинэбаатарыг мөн гадуур шалгаж байгаа.

Гэвч хэргийн сураг алдарч, намын бүлэг нь Хөгжлийн банкны шалгалтыг хууль бус гэж мэлзэж эхлэв. Адаг сүүлд нь бидний буруу биш хэсэг хугацаанд хамтарч байсан нөхдийн буруу гэсэн гэнэ мэдэгдэл хийж байх юм. Шалгалтын дүнд илэрсэн өчнөөн олон “но”-гоос тэд яаж бултах юм бол…

 

Б.Анир

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …